ШУУРХАЙ: 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ тариф ИНГЭЖ НЭМЭГДЭНЭ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Т.Чойжилсүрэн "Эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Жишээлбэл, нүүрсний уурхайнуудад эргэлтийн хөрөнгийн дутагдал 109.2 тэрбум төгрөг, Багануурын уурхайд 61.3 тэрбум, Шивээ-Овоогийн уурхайд 33.3 тэрбум, Шарынголын уурхайд 14.6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийн хомсдолд орлоо. Эрчим хүч үйлдвэрлэх компаниуд мөн ялгаагүй ийм байдалд орсон. Сэлбэг хэрэгслийн материалын үнэ өнгөрсөн 2019 онтой харьцуулахад 30-65 хувийн өсөлттэй байна. ОХУ-аас оргил ачааллын үеэр Төв болон баруун бүсэд худалдаж авдаг эрчим хүчний үнэ нийт 2022 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөг гарах нөхцөл байдал үүссэн. Эрчим хүчний салбард өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн.
Тиймээс 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицууулах хороонд шийдвэрлэж байна.
Эхний ээлжинд айл өрхийн цахилгаан, дулааны үнийг эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учраас нэмэхгүй. Харин аж ахуй нэгжүүдийн хувьд 5000 квт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш бол 28 хувиар нэмэх тариф гарч байгаа." гэв.
Энэхүү тооцооллыг хийгээд төлбөрийг нэмэгдүүлсэн тохиолдолд жилийн хугацаанд 280 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого эрчим хүчний салбар олох боломжтой аж.