ХУУЛИЙН ТӨСӨЛ: Улаанбаатар хот 320 мянга гаруй эзэнгүй нохой, мууртай болсон байна
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэх арга хэмжээ өнөөдөр /2022.09.26/ Төрийн ордонд боллоо.
Хуулийн төслийг иргэдтэйгээ боловсруулан, хамт өргөн мэдүүлсэн анхны тохиолдол болж буйг арга хэмжээний эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар мэдээлсэн.
Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, хуулийн төсөл санаачлахад гар бие оролцсон “Азтай савар” ТББ-ын төлөөлөл, хуулийн төсөлд санал өгч оролцож буй иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хуулийн төслийг өргөн мэдүүлэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийсэн. Тэрбээр, Өнгөрсөн жил “Азтай савар” ТББ-ын төлөөлөл олон нийтийн сүлжээгээр дамжуулан уулзах хүсэлт тавьсан. Тэд эзэнгүй нохой, мууранд хүн хазуулж буй асуудал, тэдгээрийг харгис хэрцгий аргаар устгаж буй талаар, хөрсөнд олноор нь булснаас халдварт өвчин тархах эрсдэл буй болсон талаар танилцуулж, нийгэм болоод хүний асуудлыг хөндсөн хуулийн төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан. Амьтан тэжээдэггүй, тэр талаар тодорхой ойлголтгүй ч уулзаж үзээд энэ нь амьтны тухай асуудал биш юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн. Энэ бол хүний асуудлыг хөндсөн хуулийн төсөл байсан. Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад манай улсад энэ талын харилцаа зохицуулалтгүй явж иржээ. Мөн өөрийн ажил үүргээсээ гадна олон нийтийн, сайн дурын, цалин хөлсгүй ажилд залуучууд санаачилгаараа нэгдээд олон жилийн турш идэвхтэй ажиллаж буй сайн санаачилгыг дэмжих үүрэгтэй гэдгээ ч ойлгосон. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөгч. Энэ хуулийн төслийн санаачлагч бол иргэд, залуучууд, ТББ-ын сайн дурын ажилтнууд. Харин бид хуулийн төслийг хууль тогтоох байгууллагад уламжилж буй гүүр нь юм гэлээ.
Ингээд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хуулийн төслийг боловсруулахад “Азтай савар” ТББ-д нэгдсэн олон залуус оролцжээ. “Dparliament” цахим системд байршуулсан хуулийн төсөлд өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэн санал өгсөн байна.
Дараа нь “Өмгөөллийн легал гайд” ХХК-ийн ажилтан У.Азжаргал, ”Диди лекс” ХХК-ийн ажилтан М.Золзаяа нар хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан, хамрах хүрээ, зохицуулах харилцааны талаар мэдээлэл хийсэн.
Манай улсын нийт өрхийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай бөгөөд гэр хорооллын өрхүүдийн 54 хувь, орон сууцанд амьдардаг өрхийн 12 хувь нь амьтан тэжээдэг аж. Нийслэл хотын хэмжээнд 98,800 тэжээвэр амьтан байдаг аж. Харин улсын хэмжээнд 2021 онд 320.000 гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо гарсан байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр жилд 100 мянган эзэнгүй нохой, муур устгахаар төлөвлөдөг бөгөөд гүйцэтгэлээр жилд дунджаар 80-90 мянгыг устгадаг байна.
Нохой, муурыг олон нийтийн газар, гудамж талбайд буудахдаа хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, дутуу буудах, савж алах, бага насны хүүхдийн болон гадны жуулчдын нүдэн дээр устгаж тэдний сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэх, устгалын тоо зааж энгийн иргэдэд мөнгө өгч зүй бус аргаар устгуулах зэрэг асуудал түгээмэл байна хэмээн танилцуулгад дурдсан.
Түүнчлэн нохойноос хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас хамгийн ноцтой нь галзуу бөгөөд нийт тохиолдлын 99 хувь нь нохойноос хүнд халдварладаг аж.