Г.Занданшатар Вьетнамын хөдөө аж ахуйн сайдыг хүлээн авч уулзав

2022 оны 9 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.09.14) Монгол Улсад айлчилж буй  Вьетнам (БНСВУ)-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоаныг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын үр дүнд жилээс жилд өргөжин бэхжиж, нийгэм, эдийн засгийн олон чухал салбарыг хамран өргөжиж  байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага болох парламентын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ.

Тэрбээр, ирэх 2024 онд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохионо. Хоёр улсын улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурласан Монгол, Вьетнамын уламжлалт хамтын ажиллагааг цаашид эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон бусад бүх салбарт өргөжүүлэх чиглэлээр хоёр тал цаашид хамтран ажиллах нь чухал байгааг тэмдэглэсэн юм.

БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ-гийн халуун дотно мэндчилгээг Улсын Их Хурлын даргад уламжлаад найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлсэн юм. Тэрбээр Вьетнам, Монголын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдааны талаар мэдээлж, цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, зам тээвэр, боловсрол, соёлын зэрэг нийгэм эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдаанаар манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц зорилт дэвшүүлсэн шийдвэрүүд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Сайд Ле Минь Хоан-ы Монгол Улсад хийж буй ажлын айлчлалд амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640397
0 эможи

Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up