УИХ-ын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммаситийг хүлээн авч уулзав

2022 оны 9 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.09.04) Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммаситийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эртний түүхэн улбаатай, найрсаг дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ онд БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж байгаа нь манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.  

Тэрбээр, Монгол, Лаосын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн гэв. Мөн Лаосын Үндэсний Ассамблей Монгол Улсын Их Хуралд хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгон улаан модоор хийсэн сандал, ширээг 2003 онд бэлэглэж байсан. Эдгээр модон эдлэлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд өнөөг хүртэл ашиглаж байгааг дурдан, Лаосын Үндэсний Ассамблей болон түүний найрсаг ард түмэнд талархал илэрхийлэв.

зураг

БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлал манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаад баяртай байна гэв. Тэрбээр, Лаос, Монголын 60 жилийн түүхтэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг гээд энэ завшааныг ашиглаад БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргын мэндчилгээг уламжлав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэгийн урилгаар Үндэсний Ассамблейн гишүүн, Лаос-Монголын парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлахаар болсныг тэмдэглэж, энэ удаагийн айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.   

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргад манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн мэндчилгээ уламжлахыг хүсэж, Лаос Улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх боломж байгааг онцлов.

зураг

Талууд цаашид хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг идэвхжүүлэн, Парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийн төлөө байгааг нотлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640021
0 эможи

Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up