ЧУУЛГАН: Монгол Улс жилд 95.4 мянган тонн мах, 111 мянган тонн гурил экспортлох боломжтой
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон холбогдох албаныхан гишүүдийн асуултад хариулж байна. Манай улсын хувьд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тал дээр энэ онд дэвшил гаргах, бодлогын үндсэн өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байгаа талаар ХХААХҮЯ-аас мэдээллээ.
Манай улс гол нэрийн 16 төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27 хувь, гурилан бүтээгдэхүүн 38 хувь, хүнсний ногоо 38 хувь, өндөг 48 хувь, цөцгийн тос 67 хувь, тахианы мах 98 хувь, ургамлын тос 98.5 хувийн импортын хамааралтай байна. Мөн байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүнийг 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн 95 хувийг импортоор авдаг.
Өнгөрсөн онд манай улс 962 сая ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон бөгөөд жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын улмаас манай улсын хүнсний хангамжийн тогтвортой байдалд эрсдэл бий болж байна.
Судалгаагаар манай улс 2030 он хүртэлх хугацаанд малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж жилд дунджаар 95.4 мянган тонн малын мах, 54.6 мянган тонн махан бүтээгдэхүүн, 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мянган тонн гурил, 21 мянган тонн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа тухай тооцоолол бий.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангахад зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа учир Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг боловсруулж, УИХ-аар чуулганаар хэлэлцүүлж байна.