УИХ-ын гишүүн хүүхнүүд чанараар гологдож байгааг Б.Баярсайхан зөв хооллолтын сургалт явуулах 60 сая төгрөг нэхэж харуулав
УИХ-ын гишүүн хүүхнүүд урьд өмнөх парламентаас тоогоор дутахгүй ч чанараар илт гологдож байна. УИХ-ын гишүүн хүүхнүүд уурлаж загнахаа урьтал болгож, сайд нараас эхлээд яам, тамгын газрын дарга нар луу ширэв татах болов. Ямартаа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “УИХ-ын гишүүд сайд нарыг арай дэндүү загнаж байна” гэх вэ? УИХ-ын гишүүн М.Оюунчимэг эрүүл мэндийн салбарынхан ороод ирвэл толгой түрүүгүй загнадаг. Хүү Б.Энхмөрөн нь энэ салбарт хэдхэн сар хурган даргаар ажиллаад хөөгдөх шахуу явсныг мартдаггүй, “юм саначихсан” бололтой.
Мөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрөөс нь боловсрол мэдлэг, хүмүүжил ур чадвараар тохой илүү А.Ариунзаяа сайдыг аашилж зандраад “аюул” болсон. Саяхан Б.Баярсайхан гишүүн уржигдар (2022.06.07) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэнд, эм, тарианы асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос асуулт асуухдаа загнаж, үг, шалтаглаж өөнтөглөөд суусан нь Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны уур амьсгалыг эвдэн ширүүсгэв.
Харин учир мэдэх улс Б.Баярсайхан гишүүн С.Энхболд сайдад уураа гаргасан гол шалтгаан нь хүүхдийн төлөө санаа зовсондоо ч биш, Завхан аймагт төрийн албан хаагчдад зөв хооллолтын сургалт явуулахад зориулж 60 сая төгрөг төсөвлөж өгөхийг шаардсан явдал. Үүнийг нь шийдэж өгөөгүй гээд С.Энхболд сайдад "ширүүлж" байна гэлцэв.
УИХ саяхан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд УИХ-ын гишүүд, сайд нар, яам, агентлагууд бүгд цалингаас өөр зардал гаргахгүй байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 200 гаруй найз маань ажилгүй болсон” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн.
Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан байнгын хорооны хуралдаан дээр учиргүй уурлаж, харсан сайд болгоноо шилбэлзэн загнаж, Эрүүл мэндийн сайдаас 60 сая төгрөг нэхэж суугаа нь эрүүл үзэгдэл, цагаа олсон ажил мөн үү!
УИХ-д суугаа зарим эмэгтэйчүүд уур аашаа татахгүй бол “У.Хүрэлсүхийн нэр дэвшүүлсэн хэдэн хүүхнүүд” гээд хүмүүс өрөөсөн нүдээрээ ч үзэхээ больж байна шүү…
Эх сурвалж: alim.mn
|