Гишүүд, сайд нарын гар утсыг “УХАХ” УУ!
Голландын нэр хүндтэй “De Volkskrant” сонинд хэд хоногийн өмнө “...Нидерландын ерөнхий сайд Марк Рютте хуучин загварын гар утас ашигласан мөн мессежээ устгасан гэсэн асуудалд орсон” талаарх мэдээлэл нийтлэгджээ. Энэ асуудал Нидерландын парламентын хэлэлцүүлгийн сэдэв болтол томорсон байх юм. Учир нь Ерөнхий сайд Марк Рюттег “Nokia 301” загварын гар утас барьдаг юм байна.
“...Ийм гар утас ашиглаж байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй” гэж Нидерландын парламентын сөрөг хүчнийнхэн мэдэгджээ. Хамгийн гол нь ерөнхий сайд нь гар утаснаасаа зарим мессежийг устгасан байгаа юм. Устгасан мессежүүд нь Амстердам хотын дарга Фемке Халсемаас ирсэн “...2020 оны зургадугаар сард болсон "Black Lives Matter" эсэргүүцлийн жагсаалын ирц хүлээгдэж байснаас 10 дахин их байсан”, Юнилеверийн гүйцэтгэх захирал Пол Полманы “...Татварын маргаантай холбоотой” байсан гэдгийг “De Volkskrant” сонинд бичжээ.
Хамгийн гол нь ерөнхий сайд Марк Рютте энэ үйлдлээрээ Нидерланд улсын Мэдээллийг архивлах хуулийг зөрчсөн гэж сөрөг хүчнийхэн үзсэн байна. Тодруулбал, тус улсын өндөр албан тушаалтны гар утасны харилцааны мэдээллүүд архивлагдах хуультай аж.
Тиймээс ерөнхий сайд Марк Рютте энэ талаар “...Гар утасны багтаамж дүүрсэн тул зарим мессежийг устгасан. Чухал мессежүүдийг улсын архивт илгээсэн” гэжээ. Мөн “...Nokia 301 товчлууртай гар утсыг олон жилийн турш ашиглаж байгаа. Дахиад iPhone гар утас байгаа ч түүнийг зөвхөн мэдээ уншихад ашигладаг. Ийм гар утас дэндүү нүсэр” гэж хэлжээ.
Харин энэ дуулианы дараа Засгийн газрынх нь Хэвлэлийн албанаас “...Ерөнхий сайд саяхан АНУ-д аялах үеэрээ шинэ гар утастай болсон” гэж мэдээлжээ. Манайхны инээдэм хүрмээр мэдээ байгаа биз. Манай АН-ынхан, тэр дундаа бүлгийн дарга Д.Ганбат чуулган дээр "Сайдын мессеж...” гээд л яриад унавал сав суулгаараа дуудуулж, доромжлуулаад сүйд болно.
Гэвч Нидерландын энэ явдал дээр инээх хэрэггүй. Харин ч анхаарч уншихаар асуудал огт өөр мэдээлэл байгаа юм. Товчхондоо Нидерланд үндэсний аюулгүй байдалдаа онцгой анхаардаг, төрийн хар хайрцагны бодлого чангатай улс аж. Өөрөөр хэлбэл, ийм хяналт гэдэг юм уу, дэг журам ямар ч тусгаар улсад байх ёстой. Энэ нь ердөө л “...Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа бол тэр цаг хугацааг үүрэгт ажилдаа бүрэн зориулах учиртай” гэсэн логик юм. Нөгөөтэйгүүр ийм хууль нь үндэсний болон тухайн албан тушаалтны аюулгүй байдлаас гадна авлига, хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах боломжтой юм байна.
Тэгвэл манайд ямар вэ. Манайхан яадаг вэ?!
Хэдэн сайдынхаа гар утсыг “ухаж” үзэх юм сан. Тэндээс юу юу гарч ирэх бол?!
Тэдний утсанд мэдээж хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа гээд албаны харилцааны мэдээлэл байж таарна. Тэр тов тодорхой. Хажуугаар нь тендер, томилгоо, элдэв шалдав харилцаагаараа “чимэг” болгож мэднэ. Энэ маш магадлалтай.
Гэхдээ манай улсын өндөр албан тушаалтнууд гар утсаа өөрсдөө ч мэдэхээ больчихсон байж болзошгүй. Өөрсдийнх нь хяналтаас гарчихсан байх талтай. Энэ ноцтой шүү. Найман жилийн өмнө 2014 оны аравдугаар сарын 25-нд тухайн үеийн УИХ-ын гишүүдийн дугаараас сонгогчдод нь мессеж илгээсэн дуулиан дэгдсэн. УИХ-ын 20 гишүүний гар утаснаас сонгогчдод нь “1. Хужаа цариг 2. Банк оф Чайна 3. Газрын хууль. Та саналаа хэлнэ үү” гэсэн мессеж очжээ. Ж.Батзандангийн дугаараас Баянзүрхийнхэнд, Г.Баярсайханы дугаараас Чингэлтэйнхэнд ийм мессеж очсон гэдэг.
Харин мессеж авсан сонгогчид нь гишүүдээ харааж, зүхээд бөөн юм болсон. Түүнээс гурав хоногийн өмнө “...“Батзандан, Зоригт, Баттулга гурав найдвартай. Одоо Бурмаатай ажиллаж байна” гэсэн мессеж МАН-ын бүлгийн даргын гар утаснаас ирсэн” гэж УИХ-ын гишүүн М.Зоригт олон нийтэд мэдээлсэн байдаг. Харин “Мобиком”-ын захирал Дэвид Холлидэй “...Дээрх мессежийг Румын болон Мальта улсаас илгээсэн. Бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэлд халдсан, задруулсан асуудал байхгүй” гэж мэдэгдэл хийж байв. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин твиттертээ “...Бусдын утасны дугаараас бусдад мессеж бичээд байгаа энэ зүйл хавар намайг хар тамхитай холбох гэсэнтэй адил технологи харагдаад байна” гэж жиргэсэн. Энэ хэрэг явдал яаж дууссан талаарх мэдээлэл бүрхэг байдаг юм. Тэгэхээр Нидерландынх шиг “хяналт” манайд хэрэгтэй л гэсэн үг.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин