ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг ХИЛЭЭР гарахыг ХОРИГЛОВ
УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тавих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Өнгөрөгч Баасан гарагт Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Харин өнөөдрийн хувьд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт холбогдох таслан сэргийлэх арга хэмжээний тухай асуудлыг шүүх хэлэлцсэн байна.
Шүүхийн албан ёсны мэдээлэлд "Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Мөн Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв" гэжээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
|