ХУУЛИЙН ТӨСӨЛ: Наадмыг улс даяар нэг өдөр тэмдэглэнэ
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгажээ.
Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдол их гарсаар байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм, журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна хэмээн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд үндэсний шагайн харвааг зохион байгуулах талаар зохицуулалт байхгүй. 1998 оноос эхлэн улс, аймаг, нийслэл, сумын баяр наадамд дөрөв дэх төрөл болон зохион байгуулагдаж, дүрмээр зохицуулагдаж иржээ.
Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд үндэсний шагайн харвааг зохион байгуулах талаар зохицуулалт байхгүй боловч 1998 оноос эхлэн улс, аймаг, нийслэл, сумын баяр наадамд дөрөв дэх төрөл болон зохион байгуулагдаж, өөрийн дүрмээр зохицуулагдаж ирсэн. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагад үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа гэлээ.
"ХУРДАН МОРЬДЫГ СЭРВЭЭНИЙ ӨНДРИЙГ ХЭМЖИН СТАНДАРТ ТОГТООН УРАЛДУУЛНА"
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн байна. Эдгээр өөрчлөлтийн тухайд голлон бөх, уяач, сурын харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт 2004, 2007, 2013, 2014, 2014, 2017 онд орсон байна. Дээрх нэмэлт, өөрчлөлтүүдээр хууль хоорондын болон Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зүйл, хэсэг, заалтын уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон төдийгүй шинээр нэр томьёог тодорхойлох, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “D.Parliament.mn” цахим системд байршуулсныг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа онцлоод Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.
- Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн үндэсний их баяр наадмыг мэргэжлийн спортоос хэрхэн ялгаж цэгцлэх талаар болон маргаантай асуудлыг журам, стандартаар зохицуулахаас илүү хуулиар зохицуулах боломж бий эсэх, хууль хэрэгжиж эхлэх хугацааг 2025 он гэж заасан үндэслэлийн талаар, бүсийн шинжтэй томоохон наадмыг хэрхэн зохицуулах талаар;
- Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт эрийн гурван наадмын төрөлд шагайн харваа нэмэгдсэн үндэслэл, хэрэв энэ төрлийг нь нэмэх бол наадмаар болдог бүхий л уралдаан тэмцээнийг энэ хуулиар зохицуулахаар хуулийн хамрах хүрээг өргөтгөх боломжтой эсэх, эрлийз болон монгол морины асуудлыг журмаар зохицуулахаар төсөлд тусгасан нь үүсээд байгаа маргааныг зохицуулж чадах эсэх, уг асуудлыг хуулиар зохицуулах боломж бий эсэх, цаашид морьдоо эрлийз, монголоор нь ялгах нь зөв эсэх, 2021 онд Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан өндөр чансаатай наадмаар шөвгөрсөн бөхчүүдэд цол, чимэг олгохтой холбоотой бидний санаачилсан хуулийн төслийг энэ хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх, эсвэл энэ хуулийн төсөлд тусгах боломж бий эсэх,
- Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар морь унах хүүхдийн насны хязгаар болон морьдыг сэрвээний өндрөөр нь хэмжих нь зохимжтой эсэх, үндэсний баяр наадам зохион байгуулах төсвийн хяналт болон баяр наадмыг хил залгаа аймгуудын зэргэлдээ сумдууд хамтран зохион байгуулах боломж бий эсэх, баяр наадмын бүртгэлийн талаар;
- Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уралдах морьдыг бүртгэхдээ заавал удмын сантай нь нийцүүлэн шалгах нь хэр зохимжтой талаар,
- Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн энэ хууль мөрдөгдөж эхэлснээр допингийн асуудлаас үүдэн цолоо хураалгасан бөхчүүдийн цол сэргэх эсэх, 2003 оноос хойшхи бөхийн цол, амжилтын эрэмбийг хэн тогтоох, манайд худалдаалагдаж байгаа эмийн орц, найрлагыг шинжлэн тогтоодог эсэх талаар;
- Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Допингийн эсрэг үндэсний байгууллага гэж ямар байгууллагыг ойлгох, Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах хүртэлх түр журмын талаар;
- Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Үндэсний спортын холбоо гэж ямар байгууллагыг ойлгох, хурдан морьны стандарт гэж ямар стандарт байгаа талаар;
- Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төсөлд зарим төрлийн харилцааг журмаар зохицуулах нь оновчтой эсэх, морин уралдаантай холбогдох стандартыг холбогдох яам нь боловсруулж оруулж ирэх боломжийн талаар тус тус асуулт асууж, хариулт авсан болно.
- Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд бөхчүүдийг допингоос ангид байлгахтай холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд онцгой анхаарах талаар,
- Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат олон нийтийг талцуулдаг эрлийз морьд болон бөхчүүдийн допингийн асуудлыг онцгой анхаарч, шаардлагатай зохицуулалтыг төсөлд тусгах талаар,
- Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Дэлхийн допингийн эсрэг код, Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, WADA /Дэлхийн допингийн эсрэг агентлаг/-ийн дүрэм журмуудыг бүрэн мөрдөж чадахгүй байгаа талаар саналаа илэрхийлсэн болно.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв.
Улсын Их Хурлын гишүүд хурдан морины стандарт гэдгийг хэрхэн ойлгох, допингийн шинжилгээг монголдоо хийх боломжийн талаар, наадам хэсч найраа хийдэг асуудлыг хэрхэн зохицуулах талаар тодруулахад,
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар Монголд адууны гурван стандарт бий бөгөөд үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр, мөн энэ хоёрыг нийлүүлсэн стандарт гэж байдаг аж. Даагыг 120 см-ээс өндөргүй гээд стандарт тогтоосон байдаг юм байна. Үүлдэрлэг байдлаар стандарт тогтоох нь асуудал дагуулдаг гэдгийг сайд онцлоод цаашид монгол морины цуснаас шинжилгээ авч, геномын дарааллыг тоолж, стандартыг нь батлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа хэмээсэн.
Тэр хүртэл шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хурдан морьдыг сэрвээний өндрийг хэмжин стандарт тогтоон уралдуулна гэлээ.
WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийн дагуу Монгол Улс өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийдэг болох ёстой юм байна.
Үндэсний баяр наадмыг нэгэн өдөр хийнэ хэмээн төсөлд тусгаад байгаа бөгөөд онцгой байдал зарласан, цар тахал дэгдсэн үед Засгийн газар, Засаг даргын шийдвэрээр өөр өдөр хийхээр томъёолсон аж. Ингэснээр наадам хэсч найраа хийдэг асуудлыг зохицуулна хэмээн үзэж буй юм байна.
Улсын Их Хурлын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.