Ц.Даваасүрэн: Эрчим хүчдээ анхаарахгүй бол бид 2024 онд өвлийн цагаар хязгаарлалт хийдэг болно шүү
УИХ-ын Пүрэв гарагийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны хөгжлийн төлөвлөгөө батлахтай холбоотой гишүүдийн асуултад хариулт өгөх албан тушаалтан чуулганы хуралдаанд оролцоогүй байсан тул уг асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авч, хойшлуулав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бид олон хөтөлбөр, төлөвлөгөөтэй болоод байна. Ингэснээр олон зүйл рүү самгардаад байна. Жижигхэн эдийн засагт тодорхой хэдэн зүйл дээр л анхаараад үр дүнг нь үзмээр байна. Олон зүйл рүү самгардчихаар үр дүн гарахгүй байна. Баримт бичиг үйлдвэрлээд л гоё нэр өгөөд л байна. Гэтэл хэрэгжээд явж байгаа нь алга. 30 жил гоё сайхан зүйл ярьлаа.
Нефтийн үйлдвэр ярьсан хэвээрээ л байна. Эрчим хүчний хараат хэвээрээ. 2024 онд бид өвлийн цагаар хязгаарлалт хийдэг болно шүү. Учир нь эх үүсвэр байхгүй. Тиймээс олон зүйл рүү биш яг хэрэгцээтэй зүйл рүүгээ анхаарлаа хандуулмаар байна.









