Гишүүд бүрэн эрхтэйгээ шалгуулж, түр хороо Хөгжлийн банкны мэдээллийг сонсоно
Улс төрийн гол сэдэв болон хэлэлцэгдэж буй нэр бүхий дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх, Хөгжлийн банкны сүүлийн үеийн мэдээлэл, Үндсэн хуулийг өөрчлөх тохироо бүрдсэн гэсэн нийгмийн олон талт шахалт, шаардлагад өнгөрч буй долоо хоногийн үйл явдлууд хариулт болж, зарим нь асуултын тэмдэгтэй өндөрлөв.
Засгийн газрын түвшинд хэлэлцсэн асуудлаас “Шатахууны үнэ ирэх сар хүртэл нэмэгдэхгүй”, “Монгол Улсын иргэд БНСУ-д 15, БНСУ-ын иргэд манай улсад 90 хоног визгүй зорчино” гэсэн мэдээлэл олон нийтэд сайн мэдээ болж хүрсэн. Харин Олон улсын валютын сан /ОУВС/-гаас Монголын эдийн засагт аюул нүүрлэж байгааг сэрэмжлүүлсэн нь нийгмийг түгшээж байна. Тус сангийн ажлын хэсэг өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 4-нийг хүртэл манай улсад ажилласан. Ингэхдээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны төлөв байдлыг тодорхойлох зорилгоор холбогдох байгууллагуудтай уулзалт хийсэн.
Тэд “Өнгөрсөн жил Монголын эдийн засагт үнэлгээ хийхэд долоон хувийн өсөлттэй гарсан. Тухайн үед Монголын эдийн засагт олон эрсдэл учирч болзошгүйг анхааруулж байсан.
Харамсалтай нь өнөөдөр Монголын эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэлүүд бодитоор нүүрлэж эхэллээ. Олон улсын эдийн засагт үүссэн эрсдэл Монголд мөн адил нүүрлэж байна. Бид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэг хувь болгон бууруулж байна” гэж мэдэгдсэн юм. Манай улсын хувьд 2023 оноос өр, зээл төлж эхлэх хуваарьтай байгаа юм. Тухайлбал, “Европын сэргэн мандалт” нээлттэй бонд 500 сая ам.доллар буюу төгрөгөөр 1.5 их наядыг манай улс 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөх ёстой. Арванхоёрдугаар сарын 25-нд 725 тэрбум төгрөгтэй тэнцэх “Самурай” бондыг төлөх учиртай. Гэтэл Хөгжлийн банкны чанаргүй зээлээс дөнгөж 165 тэрбум төгрөг төлөгдсөн байгааг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлсэн юм.
УИХ-ын түвшинд Хөгжлийн банкны чанаргүй зээл, авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн. Эцэст нь “Бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах бүрэн боломжтой” гэсэн дүгнэлт гаргасан тул дөрвөн гишүүн бүрэн эрхтэйгээ хууль, шүүхийн байгууллагаар шалгуулахаар боллоо. Харин УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны Хянан шалгах түр хорооны дарга Ж.Сүхбаатар Улсын ерөнхий прокурор болон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нараас сүүлийн үеийн мэдээллүүдийг авч танилцахаар албан бичиг хүргүүлсэн юм. Хянан шалгах түр хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсохоор ийнхүү бэлтгэл ажлыг хангаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.
УИХ-ын чуулган, байнгын хороо, иргэдийн мэдээлэлд байнгын сэдэв болж ирсэн Дарханы замын асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдиням, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өнгөрсөн долоо хоногт дахин шаардлага хүргүүлсэн.
Тэгвэл салбарын сайд энэ сарын 6-нд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэг, хоёрдугаар багцад хийж буй ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь очиж танилцан, үүрэг, чиглэл өглөө. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцын (баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам) Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн хэсэг өнгөрсөн онд хучилтын ажил дуусаж, хөдөлгөөнийг нээсэн бөгөөд одоогоор заслын ажлыг хийж байна. Тус замын нэгдүгээр багц дээр цементээр бэхжүүлсэн суурийг дуусгаж, асфальт бетон хучилтыг энэ сарын 20-ноос эхлүүлэх бол суурь хучилтыг долдугаар сарын 10 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэсэн тайлбарыг гүйцэтгэгч компаниас танилцуулжээ.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин