Э.Бат-Амгалан: Эмнэлгийн орлогч, дэд дарга нарыг чөлөөлөхийн оронд гишүүдийн туслах, зөвлөхийг цомхотгоё
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Сум, дүүргүүд дээр ажиллаж байгаа эмнэлгүүдийн орлогч дарга, эмчилгээ эрхэлсэн дэд дарга нарыг цомхотгож байгаа. Тэр байтугай аймаг, сум, дүүрэг, нийлслэлийн орлогч дарга нарыг танаж байгаа. Гэхдээ энэ хүмүүсийн дийлэнх нь өдөржингөө гадуур явж, анхан шатанд иргэдтэй тулж ажилладаг хүмүүс. Орой нь ирж бичиг цаастайгаа зууралддаг. Тэгээд энэ хүмүүсийн орон тоо, төсвийг танана гэчихээд УИХ-ын гишүүд нь өөрсдөө зөвлөх, туслахуудынхаа цалинг, орон тоог танах асуудлыг хэн ч ярихгүй байна. УИХ-ын гишүүдийг зөвлөх туслахууд 2-3 сая төгрөгийн цалин аваад явж байгаа шүү дээ. Хэмнэлтийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд бид өөрсдөөсөө эхэлмээр байна. Юм шударга л байх ёстой.