Б.Пүрэвдорж: Ц.Нямдоржийн заалтаар сэтгүүлчдийг торгодог болсон
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Энэ хуультай холбоотой бас нэг хуулийг өргөн барих хүсэлтэй байна. Миний бие Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Гүтгэх гэдэг заалтаар хэвлэлд ажиллаж байгаа сэтгүүлчдийг торгодог, дахин торгоод баривчлах ял өгдөг байсан. Энэ заалтыг 2020 онд хуулиас авч хаясан. Оронд нь бусдын нэр хүндэд халдах гэдэг заалт оруулсан. Түүнийгээ Зөрчлийн хуулиар торгодог. Энэ бол Ц.Нямдоржийн заалт л даа. Чимээгүй байж байгаад шургуулдаг. Бусдын нэр хүндэд халдаж, онц ноцтойгоор гүтгэхийг Эрүүгийн хуулиар шийдэх боломжтой. Гэтэл хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг хаагаад байна" гэлээ.