ДЭМБ: Халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөр хувилбар гарах нь цаг хугацааны асуудал
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо өчигдөр (2022.03.15) хуралдав.
Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссоос хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулав.
Манай улсад энэ сарын 14-ний өдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийт 2105 иргэн нас барсан. Нас барагсдын 1677 нь архаг суурь өвчтэй байжээ.
Архаг суурь өвчний дотор зүрх судасны өвчин хамгийн өндөр буюу 1264 байсныг Шадар сайд тэмдэглэв. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар нийт хүн амын
69.8 хувь вакцины нэгдүгээр тунд,
66.8 хувь хоёрдугаар тунд,
31.6 хувь гуравдугаар тунд хамрагджээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгөв. Тэрбээр, омикроны халдварын тохиолдлын тоо ДЭМБ-ын мэдээлснээр гуравдугаар сарын эхний долоо хоногт дэлхийн дийлэнх бүс нутагт 5-8 хувиар буурсан. Номхон далайн баруун бүсэд 46 хувь өссөн. Энэхүү өсөлт БНСУ, БНХАУ (Хонконг-Шэнжян) зэрэг улсуудад бүртгэгдэж, нэмэгдэх хандлагатай байна. Цаашдаа Хятадын өмнөд хэсгээс хойд хэсэг рүүгээ тархах эрсдэлтэй гэв.
Мөн ДЭМБ аюултай, анхаарал татах хувилбар буюу халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөр хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал гэж мэдээлсэн талаар болон улс орнууд ирэх өвөл томоохон давлагаа үүсэх магадлалтай гэж тооцон, эрсдэлт бүлгийн иргэдээ нэмэлт вакцинд хамруулахаар төлөвлөж буй тухай мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд томуу төст вирус эргэлт буюу орчилд байгаа бөгөөд гурван аймагт дэгдэлт, зургаан аймаг идэвхжилийн түвшинд, нийслэлд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг мэдээллээ. Менингококкын нөхцөл байдлын тухайд он гарсаар нэг болон дөрвөн настай хоёр хүүхэд менингококкоор өвдсөн. 0-5 насны хүүхдүүд эрсдэлтэй ба шүлсээр, амьсгалын замаар халдварладаг. 1-5 дугаар саруудад дэгдэлт гардаг гэв.
Төгсгөлд нь Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр коронавирусийн шинэ хувилбарын тандалт хийх лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, коронавирусаар өвдсөн хүмүүсийг зохих эмчилгээ, сувилгаанд хамруулах чиглэлээр дэлхийн чиг хандлагыг судалж, тодорхой бодлого хэрэгжүүлэх, шинэ хувилбар гарч болзошгүй учир эрсдэлд үргэлж бэлэн байж, хүн, хүчний нөөцөө бүрдүүлэх, коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулсан санхүүжилтийн дүнд аудит хийж дууссанаар, дүнг Улсын Их Хуралд танилцуулах зэрэгт анхаарч ажиллахыг чиглэл болгов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.