Л.Оюун-Эрдэнэ : У.Хүрэлсүх шийдэл хийсэн нь үнэн ч технологийн АЛДАА ГАРГАСАН
Өнөөдөр УИХ-ын намрын чуулган хаалтаа хийж, энэ үеэр шинэ сайд нарын томилгоог хэлэлцлээ. Хуралдааны үеэр БОАЖ-ын сайдын томилох асуудал яригдах үед УИХ-ын гишүүдийн санал, асуултанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ утааны асуудлаар дараах байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Өмнө нь утаа байсан. Одоо бид шийдлээ л ярих хэрэгтэй. У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдэл хийсэн нь үнэн. Гэхдээ технологийн горим болон бусад алдаанууд гарсан гэж үзсэн учраас өнөөдөр хариуцлага тооцоод явж байна. Цаашдаа шат шатандаа л энэ асуудлыг шийдээд явах ёстой. Х.Булгантуяа гишүүн намайг буруу ойлгоод байх шиг байна. Би ажил хийхгүй өрөөндөө суугаад байдаг хүн гэж бодох хэрэггүй. Бүх ажил руу орох гэж хичээж байна. Нэг хүн дээр биш сайд сайдын түвшинд асуудал шийдэгддэг байх ёстой" гэлээ.
Дашрамд дурдахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хариуцлага тооцсон БОАЖ-ын удирдлагууд түүний шинэ кабинетыг байгуулах үед сонгосон сайд нар нь байсан билээ. Тэрээр хүний томилгоонд хариуцлага тооцов уу эсвэл өөрийнхөө томилгоонд хариуцлага тооцов уу гэдэг өнөөдрийн чуулганы үеэр хэлсэн үгнээс нь ЭРГЭЛЗЭЭ төрүүлсэн юм.