УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Хархоринд болно
Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулахаар тогтжээ.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүндэтгэлийн хуралдааныг хязгаарлагдмал хүрээнд хийж, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг цахимаар оролцуулах юм. УИХ-ын гишүүд хүндэтгэлийн чуулганаас гадна Монгол нутагт оршин байсан үе үеийн эзэнт гүрний нийслэл хотууд төвлөрч, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байсан Орхоны хөндийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцоно.
Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганыг түүхэн байршилд, уламжлалт хэлбэрээр зохион байгуулах нь арга хэмжээний ач холбогдлыг тодруулах, өв соёлоо сурталчлах чухал ач холбогдолтой ажээ. Хуралдааныг Монголын үндэсний олон нийтийн телевиз орон даяар шууд дамжуулах юм байна.