Европын холбоотой гадаад худалдааг нэмэгдүүлэх талаар санал солилцов
УИХ-ын дарга Г.Занданшатар Европын холбооноос Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон, ажилдаа ороод буй Элчин сайд, хатагтай Аксель Никейзийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ.
Уулзалтаар УИХ-ын дарга Европын холбооны зүгээс худалдаа, эдийн засаг, хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлүүдээр Монгол Улсын Засгийн газартай 2021-2027 онд хамтран хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг үе шаттай эхлүүлэх асуудлыг хөндөж, уг хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Уулзалтын үеэр хоёр тал цахим шилжилт, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл, ногоон эдийн засгийн бодлого, гадаад худалдааг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгыг хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллах асуудлаар харилцан санал солилцжээ.
УИХ-аас Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, ялангуяа КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд холбогдох хуулийн зохицуулалт, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлснийг тэмдэглэж, бизнесийн тогтвортой, таатай орчныг бүрдүүлэх замаар экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжих зорилтыг хамтран хэрэгжүүлэхийн чухлыг хоёр тал онцлов.
Элчин сайд, хатагтай Аксель Никейз дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдмэл эрмэлзэлтэй байгаа энэ үед хүрээлэн буй орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүч болон бусад салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буй дэлхийн улс орнуудын сайн туршлагыг Европын холбооны зүгээс судлан нэвтрүүлж, хамтын ажиллагааны бодлогоо шинэ чиг хандлагатай уялдуулахын тулд уулзалт хэлэлцүүлэг хийж, хамтарсан хөтөлбөрүүд эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.