ТӨСӨВ 2022: Төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллана

2021 оны 11 сарын 04

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат нар тус танилцууллаа. 

Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар УИХ-д төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх таван  зөвлөмж өгснийг Д.Занданбат дарга танилцуулгадаа дурдаад Үндэсний аудитын газрын дүгнэлтийн 6.1, 6.3, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.13-ыг нэг бүрчлэн танилцуулав. Тухайлбал, 6.1-т Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 15.8 их наяд төгрөг, нийт зарлага 18.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байгааг онцолсон.

Харин Сангийн сайд танилцуулгадаа, Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр  2020 онд дэлхий эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жилүүд өнгөрснийг онцлоод Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжихэд чиглүүлж, төсвийн төслийн хүрээнд тодорхой бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөснийг танилцуулав.

Нэгдүгээрт, хөгжлийн төслүүдийг эхлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ шинэчлэл хийнэ. 

Хоёрдугаарт, төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж, төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ЗАСАГЛАЛ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ, НОГДОЛ АШГИЙН БОДЛОГЫН шинэчлэлийг ирэх онд хэрэгжүүлнэ.

Гуравдугаарт, төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллана. Төрийн үйл ажиллагааг цахимжуулах замаар төсвийн зардлыг бууруулж иргэдэд хүргэх үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилгоор бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулж холбогдох зардлыг бууруулна.

Дөрөвдүгээрт, хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж СТАНДАРТ-ЧАНАР-ӨРСӨЛДӨӨН-д суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжүүлэх, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбарын байгууллагуудыг төсвийн хувьд хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх замаар цомхон бүтэцтэй хариуцлагатай төрийн албатай байх зорилт тавьж байна.

Тавдугаарт, эрүүл мэндийн салбарт энэ онд хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэлийг эрчимжүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын засаглалыг сайжруулах, коронавируст халдвараар өвчилсөн хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламжийн зохион байгуулалтыг сайжруулахад анхаарна. 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэхээр тооцлоо.

Зургадугаарт, байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлж, санхүүгийн баталгаатай, “ХУРИМТЛАЛТАЙ ХҮҮХЭД” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Байгалийн баялгаас орох орлогын хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулахаар төлөвлөлөө.

Долдугаарт, хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ шилжих шинэчлэл хийнэ.

Наймдугаарт, хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДИЙГ нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй. Дээрх төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16,415.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18,158.8 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2,387.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь, эдийн засгийн өсөлт 5.0 хувьд хүрэхээр төсөөлснийг танилцуулгад дурджээ. 

Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаараа Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэнтэй танилцсаны дараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсгээс Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс ирүүлсэн төсвийн төсөлд дүн шинжилгээ, танилцуулга, санал, дүгнэлт, Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлттэй танилцаж, Сангийн яамнаас төсвийн төслийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний дэлгэрэнгүй судалгааг гаргуулан авч танилцсан бөгөөд зургаан чиглэлээр ажлын дэд хэсгүүдийг байгуулан ажиллуулсан гэж байлаа.

Мөн байнгын хороодын хуралдаанаар дэмжсэн саналуудаас санхүүжих дүнд өөрчлөлт орохгүй, УИХ-ын гишүүд өөрийнхөө тойргийн төсөвт зохицуулалт хийх; санхүүжих дүнд өөрчлөлт орохгүйгээр төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадалд өөрчлөлт оруулах; магадлалтай төсөвт өртөг нэмэгдүүлэх саналуудыг Ажлын хэсгээс дэмжиж, Байнгын хороодын дэмжээгүй саналуудыг дэмжих шаардлагагүй гэж үзсэнээ мэдэгдлээ. 

Байнгын хороодын хуралдаанаар дэмжсэн боловч гишүүд өөрсдийнхөө тойргийн төсөвт зохицуулалт хийгээгүй бусад гишүүд болон салбарын хэмжээнд бодлогоор хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад зохицуулалт хийхээр гаргасан саналууд болон Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг зөрчиж хураалгасан саналуудыг Ажлын хэсгээс дэмжих боломжгүй гэж үзсэнээ онцлов.

Түүнчлэн Байнгын хороо болон Ажлын хэсэгт албан бичгээр, саналын томьёоллоор ирүүлсэн нийт саналуудаас 2020 оны санхүүжих дүнд нөлөөлөхгүй, өөрсдийнхөө тойргийн төсөвт зохицуулалт хийх, төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн багц дотор зохицуулалт хийх саналууд болон зураг төсөв нь магадлал хийсэн, ирэх жилүүдийн улсын төсөвт бага ачаалал үзүүлэх, төсөвт өртөг нэмэгдүүлэх саналуудыг Ажлын хэсгийн санал болгон дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдсан.

Байнгын хороо болон Ажлын хэсэгт ирүүлсэн УИХ-ын зарим гишүүд, төрийн байгууллагуудаас албан бичгээр ирүүлсэн санал нэг бүрийг судлан үзээд эдийн засаг, нийгмийн үр ашгийг харгалзан салбарын бодлоготой уялдсан 2022 оны төсвийн жилээс эхлэн зайлшгүй тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд эх үүсвэр олж тусгах саналуудыг бэлтгэсэн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч  онцолсон.

Ингээд хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүд, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс зардал нэмэгдүүлэх саналыг, зардал бууруулахтай холбоотойгоор гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн урсгал зардалд нөлөөлөхгүйгээр зохицуулалт хийсэн саналууд ч дэмжигдэв. Тухайлбал, Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны төсвийн багц дахь “Ойжуулалт” хөтөлбөрт тусгагдсан 12.1 тэрбум төгрөгөөс 6.0 тэрбум төгрөгийг “ойн хортон шавьж устгах” зориулалт арга хэмжээнд шилжүүлэх; Эрүүл мэндийн сайдын 2022 оны төсвийн төслийн “Улсын төсвөөс хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт зориулалт арга хэмжээнд тусгагдсан төсвийг 163.7 тэрбум төгрөгөөр бууруулж, Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийг улсын төсвөөс төлөх шимтгэл зориулалт арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг 163.7 тэрбум төгрөгөөр нэмэх; Тэтгэврийн даатгалын сангаас 17,200.0 сая төгрөгийг Тэтгэмжийн санд шилжүүлэх зэрэг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

 Түүнчлэн Ажлын хэсгээс хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо ирүүлсэн бусад Байнгын хорооны нийт 24 санал дэмжсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632477
0 эможи

new
2021-11-07 23:08
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up