Ц.Сандаг-Очир: Жагсаал,цуглааныг ихэвчлэн улс төрчид, намтай хамаарал бүхий хүмүүс л зохион байгуулдаг
Хүний эрхийн дэд хорооны өчигдрийн хуралдаанаар хүний эрхийн асуудал, жагсаал цуглаан хийх тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир " Манай улсад хууль тогтоомж, жагсаал цуглаан багадаагүй. 2020 онд нийтдээ 237 жагсаал, энэ онд 214 жагсаал болсон байна. Үүнээс үзэхэд сүүлийн хоёр жилийн 365 хоногийн 70 орчим хувьд нь жагсаал цуглаан болжээ. Энэ тооноос харахад харин ч эсэргээрээ Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, жагсаж, цуглах эрх үнэхээр хангалттай байна гэж ойлгож байна. Харин өнөөдөр Хүний эрхийн дэд хороо хуралдаж, төрийн байгуулага болон холбогдох байгууллагуудын албан тушаалнаас асуулт асуугаад сууж байгаа нь зохисгүй юм. Яг үнэндээ энд хуралдаад сууж байгаа улстөрчид, улс төрд нөлөө бүхий хүмүүс, улс төрийн намууд өөрөө өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Хүний эрхийг зөрчиж байгаа асуудлаа.
Энэ жагсаал, цуглаануудыг чинь хэн зохион байгуулдаг юм бэ. Үндсэндээ энэ олон жагсаал, цуглааныг чинь дийлэнх олонх нь улстөрийн намууд, улстөрийн намын хамаарал бүхий хүмүүс л зохион байгуулдаг шүү дээ яг үнэндээ. Тэгээд яг нидэр дээрээ зохион байгуулж ард нь суучихаад хэрэг дээрээ буруутан нь урд нь гарч, тугийг нь барьсан нэг, хоёр нөхдүүд бурууддаг, түүнд нь хууль ёсны шаардлага тавьсан цагдаагийн ажилтан буруутдаг ийм л байдал, дүр төрх манай монголын нийгмийн бодит байдал болоод байна. Үүнийг хэн ч мэдэж байгаа. Захын эмээ, өвөө хүртэл хэлж байна. Өнөөдөр энд сууж байгаа төрийн байгууллагууд та бидний баталсан хуулийг л хэрэгжүүлж ажиллаж байгаа." гэв.