АН-ын бүлэг Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа
УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
УИХ-ын гишүүд өөрийн гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчид хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах асуудлыг Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд тусгахгүй байхаар оруулсан нь хэр зүйд нийцэж байгааг тодруулж байлаа. Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, иргэн хүн ургийн бичиг хөтлөхийн тулд гэр бүлийн гишүүд, үр хүүхдийнхээ тухай мэдээллийг цуглуулж болох бөгөөд энэ харилцааг хуулиар зохицуулах шаардлагагүй гэж үзсэн гэлээ.
Хуулийн төсөлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, хөрөнгө, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг багтаажээ. Улмаар эдгээр мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна хэмээн тусгасан байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр "Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АН-ын бүлгийн гишүүдээс нэг ч хүн багтаагүй. Тиймээс хуулийн төслүүдтэй танилцан, судлах хугацаа хэрэгтэй байна" гэсэн юм.