НББХ: ХӨСҮТ-ийн их засварт хоёр тэрбум төгрөг тусгах саналыг дэмжжээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.26/ хуралдаан 12 цаг 30 минутад ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдаанаар Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонуяа эрүүл мэндийн салбарын зардлын хөрөнгө оруулалт бага байгаа хэрнээ соёлын салбарт төсөвлөсөн мөнгө хамаагүй их байна. Асуудлын нэгдүгээрт монгол хүний эрүүл мэнд байх ёстой гээд ХӨСҮТ-д их засварт зориулж дангаар нь 2 тэрбум тавьж өгөх боломж байна уу гэдгийг тодруулж, хариулт авав.
Гишүүд нийтийг хамарсан халдварт өвчин буюу корона вирусийн эмчилгээний зардлыг төр хариуцах хэвээрээ эсэх, анхан шатны буюу сум, өрхийн эмнэлгүүдийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн тарифийг нэмэгдүүлэх, иргэдийн тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх тал дээр ямар шинэчлэл хийх зэрэг асуудлыг тодруулж, хариулт авлаа.
Асуулт асууж, хариулт авч дууссанаар гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ц.Туваан, П.Анужин, Б.Жаргалмаа, С.Чинзориг нарын гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад гишүүд олонхийн саналаар дэмжлээ. С.Одонтуяа нарын 10 гишүүний гаргасан ХӨСҮТ-ийн их засварт хоёр тэрбум төгрөг тусгах зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн 60 хувийн саналаар дэмжсэн юм.
Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссанаар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтон хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.