Б.ЭНХБАЯР: Судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг
Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 2020 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүд тангарагаа өргөсний маргааш УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулаад гишүүд ТББ-ын ажлыг давхар хашиж болохоор болгосон. Энэ эрх ашгийн зөрчил үүсгэсэн зохицуулалт. УИХ төсөв баталдаг. Зарим ТББ төсвийн хөрөнгөнөөс зарцуулах эрхтэй байдаг. Төсвөө өөрсдөө баталчихаад өөрсдөө зарцуулна гэсэн үг. Энэ бол маш том ашиг сонирхлын зөрчил. Өмнөх жилийн байдлаар энэ УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг гэсэн судалгааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гарсан байна лээ. Үүнийг хориглох заалтыг энэ төсөлд оруулж болох уу?
Х.БУЛГАНТУЯА: Миний хувьд үүн дээр татгалзах зүйл алга. Ер нь ашиг сонирхлын асуудлыг ганцхан ТББ дээр ярихгүй. Харилцан хамааралтай этгээд, гэр бүлийн хүмүүсийнх нь бизнестэй холбоотой асуудлаар шийдвэр гаргахад оролцдоггүй, тэр чиглэлээр хууль санаачилдаггүй байх ёстой.