Д.Ганбат: Насаараа багш хийсэн хүн 380 мянган төгрөгийн тэтгэвэртэй байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ хүнд хэцүү цагт мөнгөний бодлого маш чухал. Нэлээд хэдэн жилийн өмнө валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөр явсан. Энэ хөтөлбөрийн дагуу хэрэгжээгүй зүйлүүд үлдсэн үү.
Сүүлийн хэдэн сар гадаад валютын албан нөөц маш хурдтай буурч байгаа. Ирэх онд ямар болно гэж төсөөлж байгаа вэ. Бодлогын хүүгээ зургаан хувь дээр удаан барилаа. Цаашдаа ингэж удаан барьж чадах уу. Инфляц явж өглөө. 9.6 гэдэг нь худлаа тоо байх. Насаараа багш хийсэн хүн 380 мянган төгрөгийн тэтгэвэртэй байна гэсэн. Тэр хүн тэтгэврээ аваад гарахад 2-3 өдрийн хүнсээ л цуглуулж чадаж байгаа. Наад захын хүнсний бүтээгдэхүүнээ л авч байгаа.
АН-ын үед салаавч гаргаад л явдаг байсан нөхдийн зарим нэг нь АРД КОЙН гээд гаргаад ирлээ. Хожих нэг нь хожиж байна. Нэр ус нь хүртэл "Ард" гээд Монгол ардын нам юм шиг байна" гэлээ.