Н.Учрал: Хүүхэд бүрт хуримтлал үүсгэчхээр банкнаас иргэд буцааж зээлээд хэдэн банк мөнгө хүүлэх юм уу
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал: 18 их наяд төгрөгийн төсөв орж ирж байна. Анх удаа ийм том төсөв орж ирлээ. 2018 онд би анх санаачлаад Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад норм, нормативыг баримталдаг байх шаардлагатай зохицуулалтыг тусгасан. Тэр цагаас хойш жил бүрийн төсөв норм, нормативыг баримтлах шаардлагатай гэдгийг би хэлсээр ирсэн. Гэхдээ Засгийн газар, салбар яам болгон том, том реформ ярьдаг мөртлөө төсөвтөө тэр реформоо уяж орж ирдэггүй. Боловсрол, нийгмийн даатгалын салбарт реформ хийнэ гээд ярьцгааж байна. Гэхдээ төсвийг харахад дээрх реформ хийгдэх эсэх нь асар их эргэлзээтэй байна. Жишээ нь боловсролын салбарт гэхэд тэгш боломжийг бий болгоно гэсэн мөртлөө улсын болон хувийн сургуулийн анги дүүргэлт, багшийн цалин нь өөр, өөр. Энэ нь боловсролын салбарт дэндүү ойлгомжтой.
Мөн ирэх оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг сонголттойгоор даатгалжуулна. Үүнээс хойш дор хаяж 50 мянган төгрөгийг хадгална. Үлдсэн 50 мянган төгрөг хүртэлх мөнгийг нь сонголттойгоор хэрэглэж, хуримтлалаа баяжуулж болно гэнэ. Хүүхэд бүрт хуримтлал үүсгэчхээр банкнаас иргэд буцааж зээлээд хэдэн банк мөнгө хүүлэх юм уу. Хуримтлалын санг ямар менежментээр удирдах вэ? Үүнээс гадна цахим шилжилт хийнэ гээд байгаа. Цахим шилжилт хийнэ гэдэг нь И-Монголиа аппликейнш руу ороод иргэний үнэмлэхээ цахимаар авах асуудал биш шүү. Үүнийг эргэж харах л хэрэгтэй.