Т.Аюурсайхан: Чадахгүй юм байж албан тушаалд яасан дуртай болчихсон юм
УИХ үргэлжлүүлэн Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгажээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Асуудлыг дутуу боловсруулсан байна. Их түүхий байна. Оруулж ирсэн төслөөр хэлэлцэж батлахад төвөгтэй байна. Улс, салбар хоорондын болон бүс орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлогоор хангах асуудлыг Шадар сайд юм уу ЗХГЭГ-ын даргын аль нэг нь хийгээд явах боломжтой. Цөөн хэдэн чиг үүргийн төлөө яам байгуулах хэрэггүй. Хэнийг сайдаар тавих вэ. Ажлаа хийж чадахгүй хүмүүс их байна. Бичиг цаасны ажил хийж чадахгүй, зохион байгуулалтгүй хүмүүс их байна. Бас нэг нөхөр ирээд ажлаа хийж чадахгүй бол яах вэ. Үүний төлөө яам байгуулах хэрэг байна уу. Яам байгуулснаар эдийн засаг хөгжих гэж байгаа юм шиг харагдах байдалдаа анхаараад байна. Гол нь агуулгадаа анхаарах. Чиг үүрэг дутмаг түүхий байдлаар ажилдаа хандмааргүй байна.