Д.Ганбат: Нөхөн сонгуулиар орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ИЧИХ хэрэгтэй
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Чуулганы эхэнд Сонгуулийн Ерөнхий хорооны /СЕХ/ дарга П.Дэлгэрнаран танилцуулга хийлээ. Тэрбээр СЕХ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нөхөн сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн аравдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж, хамгийн олон санал авсан Цагаанхүүгийн Идэрбат /17.264/, Энхбаярын Батшугар /28.537/ нарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 107, 108 дугаар тогтоолыг тус, тус баталсан.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Манайх ардчилсан улс орон мөн үү, ард түмэн төр засгаа бүрдүүлж чадаж байна уу гэж асууя. Өнөөдөр нийт сонгогчдын 50 хувь нь саналаа өгсөнгүй. Ард түмний итгэлийг хаяж байна. Энэ бол сонгууль биш. Сонгууль нэртэй ард түмний мөнгийг үрж, бухимдуулсан явдал болсон. Энэ хоёр залуу энд сууж байгаа нь үнэхээр ичгэвтэр байна. Би энэ хоёрын оронд байсан бол ичээд энд суухгүй." гэв.