Б.Жавхлан: Өнгөрсөн дөрвөн жил утаатай тэмцсэн бол ирэх дөрвөн жилийн зорилт түгжрэл байх болно
Өчигдөр /2021.10.14/ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Ерөнхий сайдын танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд асуулгад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан: Нийслэлээс улсад төвлөрүүлэх 420 тэрбум төгрөгийг манай яам татахгүй. Өнгөрсөн дөрвөн жил утаатай тэмцсэн бол ирэх дөрвөн жилийн зорилт түгжрэл байх болно. Тиймээс энэ жил нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлсэн 420 тэрбум төгрөгийг түгжрэлтэйгээ тэмцээрэй гээд суурь зардлыг нь үлдээсэн. Үүнийг зөвхөн түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн шинэчлэлд зориулна. Нийслэл 12-р сард багтаан төсвөө батлах ёстой. Тэр үед 420 тэрбум төгрөгийг чухам юунд зарцуулах нь тодорхой болно. Тансаг машины татварыг ирэх онд нэмэхгүй.
Ирэх онд орон нутагт 508 тэрбум төгрөгийн татварын орлого (АМНАТ) очно. Үүний дийлэнх нь нийслэл болон Өмнөговьд ногдож байна. Төвлөрлийг сааруулах бодлогоор уул уурхайн компаниудын төлсөн АМНАТ-ыг орон нутгийн төсөвт оруулна. Өмнө нь 6 аймаг улсын төсвөөс татаас авдаггүй байсан бол ирэх онд 7 аймаг болно. Орлогын бие даасан байдалд хүрсэн гэсэн үг. Сэлэнгэ аймаг нэмэгдсэн.