Барилгын компаниуд “БАРАА МАТЕРИАЛЫН ҮНИЙН ЗӨРҮҮГ ТӨР ХАРИУЦ“ гэв
Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн барилгачдын төлөөлөл өнөөдөр УИХ-д шаардах бичиг хүргүүллээ. Тус шаардлага бүхий хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар хүлээн авсан байна.
Барилгачид барилгын бараа материалын үнэ өссөнтэй холбоотойгоор Монгол Улсын 2022 оны төсвийг хэлэлцэхдээ үнийн зөрүүг төсөвт тусгаж өгөх хүсэлтийг шаардлагадаа тусгасан байна.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Шаардлагыг хүлээж авлаа. Дэлхий нийтээр цар тахалтай холбоотой бид хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байна. 2021 оны улсын төсвөөр хийгдсэн ажилд үнийн зөрүү гарсан гэдгийг бүгд ойлгож байгаа. Бетон, арматураас эхлээд зарим барааны үнэ 2-3 дахин нэмэгдсэн байгаа. Өнөөдрөөс эхлэн УИХ улсын төсвийг хэлэлцэж эхлэж байна. Энэ хүрээнд энэ асуудлыг ярина. Гэхдээ УИХ-аас шийдвэр гараагүй тохиолдолд Засгийн газар хэлэлцэх боломжгүй. УИХ-аар хэлэлцээгүй шийдвэрийг Засгийн газар шийдвэрлэх хэцүү. 2022 оны төсвийг хэлэлцэхдээ УИХ дахь олонхийн бүлэг энэхүү асуудлыг ярилцана ” гэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат " Баянхонгор аймгийн төлөөллүүд бас байна. Коронавирус цар тахлын улмаас Монгол улс байтугай БНХАУ хүртэл үл хөдлөх хөрөнгийн хямралд орж байгаа. Та нарыг бас ойлгож байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед алдаа гаргаж байсан. Бүх барилгуудыг төсөвтэй холбоотой царцаж байсан. Ийм алдааг энэ Засгийн газар гаргаж болохгүй. Энэ барилгуудын бүгдийг дуусгах ёстой. УИХ-аар энэ асуудлыг ярина." гэв.