Улсынхаа эрх ашгаас урвасан УЛСТӨРЧДИЙГ эргүүлэн татъя
Юм их энгийн. Ном журмаар нь л явчихвал болдог. Харин зальдвал засаж болохооргүй алдаа гарах нь бий. Тиймээс л “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдэг үг гарсан биз. Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд нөхөн сонгуулиас илүүтэй хоёр эмэгтэй гишүүний сошиал дахь мэдэгдлүүд улс төрийг халтал нь улайсгав. Угтаа бол хоёр шинэ, ногооноороо гишүүн зальдуулчихсан юм шиг боловч, ухаад үзэхэд өөр таамаглалууд гарч ирээд байна.
Учир нь Хөрөнгө оруулалтын тухай гэсэн гоё нэртэй ч, үндэсний аюулгүй байдалд тун ч хор хөнөөлтэй байж мэдэх нэгэн төсөл УИХ-ын босго даваад ороод ирсэн. "Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" гэсэн ганц хуудас хуулийн төсөл САНААЧЛАГЧ НЬ, 2020 оны сонгуулиар шинээр УИХ-д орж ирсэн Х.Ганхуяг, Д.Өнөрболор, Х.Булгантуяа, П.Анужин нар юм.
Тэдний боловсруулж, санаачилж, УИХ-ын даргад гарын үсгээ бүгд зураад өргөн барьсан төсөлд ноцтой нэг агуулга явж байсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд байнга оршин суух тухай заалт байлаа.
Тодруулбал, хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг 50 мянган ам.доллар байхаар тухай юм. Ухаандаа 50 мянган доллар буюу 140 гаруй сая төгрөгтэй хэнбугай ч Монголд байнга оршин суух боломжийг нээж өгөх гэж байгаа нь энэ.
Хотын төвд хоёр өрөө ч байр авч хүрэхгүй мөнгөөр хөрөнгө оруулагч гэгдэж, бүр Монголд гэр бүлээрээ байнга оршин суух боломжтой болох нь. Тиймээс л энэ заалтыг олон нийт эсэргүүцээд байгаа юм.
Гэтэл хуулийн төсөл санаачилж, боловсруулсан гишүүд ямар зүйл, заалт, агуулгатай төсөл өргөн барьснаа ч мэдэхгүй, бие бие рүүгээ бурууг чихэж сууна.
Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн П.Анужин ""Хууль боловсруулагч Х. Ганхуяг болон боловсруулалцсан гишүүдээ! Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй Сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа эргүүлэн тат! "хэмээн бултаж мэдэгдэл хийлээ.
Үүний араас УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийгөө энэхүү шүүмжлэлээс мулталж, уснаас хуурай гарахыг хүслээ. Тэрбээр “Энэ хуулийн төслийг боловсруулах явцад санаачлагч гишүүдийн саналыг нэгтгэх нэг ч удаагийн хурал болоогүй. Тэр бүү хэл Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байгааг нь ч би мэдээгүй. Тус хуулийн төсөлд миний санал, санаачилга огт тусаагүй. Ийм байхад тус хуулийг өргөн барьсан Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл гэж хардаж байна. Энэ төслийг санаачлагч Х.Ганхуяг та ёс зүйтэй байж, хариуцлагагүй үйлдэлдээ тайлбар хийхийг УИХ-ын гишүүний зүгээс танаас шаардаж байна" хэмээн мөн бултав.
Товчхондоо, хуулийн төсөлд тусгасан заалт, санаачилсан гишүүд нь хуулийнхаа төслөөс бултаж, хуулийн хулгай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир Монгол Улсын эрх ашгаас урвасан УЛСТӨРЧДӨД хариуцлага тооцох асуудал хөндөгдөх нь зүйтэй юм. Тиймээс улсынхаа ЭРХ АШГААС урвасан УЛСТӨРЧДИЙГ эргүүлэн татъя.