Х.Ганхуяг: Ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй, хамтран санаачилсан бусад гишүүдээсээ уучлал хүсье
Харин УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн өргөн барьсан энэ хуулийн төсөл нийгэмд ихээхэн шүүмжлэлийг дагуулж буй.
Тодруулбал, Гадаадын хөрөнгө оруулалтад тавигддаг 100 мянган долларын босгыг 50 мянган доллар болгох, хоёр хүнийг ажлын байраар хангасан бол түүнийг гадаадын хөрөнгө оруулагчид тооцох гэх мэт шинэ заалтуудыг иргэд шүүмжилж буй юм.
Энэ асуудал нь цахим орчимд ихээхэн шуугиан дагуулаад байгаа бөгөөд хуулийн төслийг өргөн барьсан гишүүд болох Д.Өнөрболор, П.Анужин нар тус хуулийн төслийг эргүүлэн татахыг Хуулийн төслийн ахлагч Х.Ганхуягаас шаардсан. Угтаа бол тус хуулийг өргөн барьсан гишүүд болох Д.Өнөрболор, П.Анужин нар өөрийгөө энэхүү шүүмжлэлээс мулталж, уснаас хуурай гарахыг хүсчээ. Тэрээр санаачилсан хуулиа бүрэн уншаагүй, бүр танилцаагүй байж хууль санаачилсан гэх нэр зүүж "ПОПРОХ" нь л эн тэргүүнд байдаг хэмээн хардахаар үйлдээл гаргаад буй.
Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг байр сууриа илэрхийлээ.
Тэрбээр "Хүчин мөхөс эдийн засагтай байлгах хүсэл чухам хэнд ашигтай байгаа нь сонирхол татаж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлыг хольж хутгаж, холбож, харлуулах гэж хичээж байгаа үйлдлүүд нөхөн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн өнгөцхөн явуулга байж болох ч ард иргэдэд бодит байдлаас гажуудуулсан мэдээлэл өгч, эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны хөгжлийг сааруулсан хор хөнөөл дагуулах байдлаар үргэлжлүүлж байгаад туйлын харамсалтай байна.
УИХ-ын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан цагаас эхлэн салбар бүрийн төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзалт хийж, өнгөрсөн оны есдүгээр сард төрийн ордонд гадаад худалдаа хөрөнгө оруулалтын Roundtable форумыг нэр бүхий гишүүүдийн хамтаар санаачлан зохион байгуулж, 400 гаруй бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.
Манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамддаг гол асуудал нь одоогийн хэрэгжиж буй хуулиар нэг хөрөнгө оруулагч нь 100 мянган доллараас багагүй хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн заалтнаас болж хөрөнгө оруулалт авч чаддаггүй, тухайлбал 50/50 хувийн хамтарсан компани байгуулах тохиолдолд Монгол иргэн мөн адил 100 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг талаар МҮХАҮТ, Америкийн худалдааны танхим /Амчам/ болон олон бизнес эрхлэгчдийн зүгээс санал хүсэлтүүдээ илэрхийлж байсан юм.
Түүнчлэн энэ 100,000 ам доллар бодитоор МУ-ын эдийн засагт орж байгаа эсэх нь тодорхойгүй, цөөнгүй тохиолдолд компани байгуулах үед дансандаа байршуулж байгаад эргээд татдаг, төлбөр байршуулсан мэдээллийг тодорхой хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг зэрэг далд эдийн засагт шилжсэн сайнгүй жишгүүдийн талаар ч бизнес эрхлэгчдийн зүгээс маш олон санал хүсэлтүүд ирснийг үндэслэн тоо баримт, холбогдох судалгаа, оролцогч талуудын санал зөвлөмж дээр тулгуурлан хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болдог босго дүнг халж, хөрөнгө оруулагч статусын виз, оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох журмаар зохицуулах өөрчлөлтийг л тус хуульд оруулсан билээ.
Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа хамгаалах тусгай хууль эрх зүйн зохицуулалттай. Хөрөнгө оруулалтын хуульд дээрх өөрчлөлт орсноор аливаа хөрөнгө оруулагчид иргэншил олгох, оршин суух эрхийг шууд олгох эрх зүйн ямарч үндэслэлгүй гэдгийг онцолмоор байна.
Бидэнд хонгилын улс төр, далд эдийн засаг, туйлдаж ядарсан иргэд биш цаг үетэйгээ уялдсан бодлого шийдвэр, түүний үр дүнд ард иргэдийн амьжиргаа бодитоор дээшлэх, олон олон үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд гарах нээлттэй боломж юунаас ч чухал гэдгийг бизнесийн салбараас төлөөлөн гарсан гишүүний хувьд, хийж бүтээх зорилготой залуу хүний хувьд, Баянгол дүүргийн 232 мянга гаруй сонгогчдыг төлөөлж байгаагийн хувьд энэ мэт явуургүй үйлдлээс болж ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Хуулийн төслийг хамтран санаачилсан бусад гишүүд, гэр бүл, үр хүүхдийг элдвээр заналхийлэх үйлдлүүд гаарч, маш их дайралтуудад өртөж байгаад уучлал хүсье.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ирэх 7 хоногт нээлттэй хэлэлцүүлэг явуулж, иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх болно" гэжээ