Алтанбулаг, Цагааннуур, Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг өргөжүүлэх хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин, Т.Аубакир нар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
1996 онд Сэлэнгэ аймагт “Алтанбулаг" чөлөөт бүсийг, 2004 онд Дорноговь аймгийн нутагт Замын-Үүд боомтыг түшиглэн “Замын-Үүд” чөлөөт бүсийг, 2005 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт /708.4 га/ “Цагааннуур” чөлөөт бүсийг УИХ-ын тогтоолоор тус тус байгуулсан.
“Алтанбулаг" чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдээгүй. Бүтээн байгуулалт, үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэхэд эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж төсөл санаачлагч УИХ-ын гишүүд үзжээ.
Тухайлбал Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох харилцааг 2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулийн зургаадугаар зүйлд зааснаар зохицуулж байгаа бөгөөд Чөлөөт бүсэд хилийн шалган нэвтрүүлэх иж бүрэн ажиллагаа явагдах тул түүний үйл ажиллагаа нээх, хаах асуудлыг хилийн боомтын нэгэн адил шийдвэрлэж байх зохицуулалт шаардлагатай болсон байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд Чөлөөт бүсийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэх, “Цагааннуур”, “Замын-Үүд” чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсгэж байна.
Мөн “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн нэр томьёоны болон зүйл заалт хоорондын зөрчил арилах заалтуудаас гадна техникийн шинжтэй өөрчлөлтүүд хийгдэхээр тусгагджээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах эрх зүйн таатай орчин, нөхцөл бүрдэнэ. Чөлөөт бүсийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт хоорондын агуулгын болон найруулгын зөрчил, хийдэл арилж, чөлөөт бүсийн үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нээх, хаах харилцаа зохих түвшинд шийдвэрлэгдэж, чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Засгийн газрын аль гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаагаас үл шалтгаалан холбогдох дүрэм, журам батлах, гэрээ байгуулах, шалгуур үзүүлэлт тогтоох зэрэг асуудлыг тухай бүрт нь баталгаажуулах боломжтой болно хэмээн Шадар сайд С.Амарсайхан онцлов.
Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай
2020 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын 1.2, 1.3 дахь хэсэг, 2021 оны 10 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт дүн шинжилгээ хийж, тус хуульд нийцүүлж шинэчлэн батлах шаардлагатай хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан билээ.
Үүний дагуу Засгийн газар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн давхардал, зөрчлийг арилгах зорилгоор Монгол Улсын Их Хурлын тогтоолоор баталсан хүчингүй болсонд тооцох шаардлагатай бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн жагсаалт гаргасан байна.
Эдгээр бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хууль зүйн үндэслэлийг тодруулан үзэхэд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд хамаарахгүй, мөн хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй төрөөс баримтлах бодлого-12, үндэсний хөтөлбөр-4, дунд хугацааны стратеги-1, нийт 17 баримт бичиг байна.
Иймд дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын тогтоолоор баталсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг мөн өргөн барилаа хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.