Ч.ХҮРЭЛБААТАР: Эмч нарын цалинг нэмбэл төрийн бусад албан хаагчдаа яах вэ
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/ хийлээ
Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Төсвийн тодотголыг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар хэлэлцсэн. 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлье гэдэг санал гарсан гэдэг бол худлаа. Мөн бид жаахан бодитой баймаар байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг буюу гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх чиглэлийг хэрэгжүүлээд явж байгаа. Ковидын үед бодит байдал яаж байна гэхээр, бусад өвчнийг эмчилдэг эмч нарын ачаалал буурсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд зөвхөн коронагийн өвчлөлтэй холбоотой ачаалал нэмэгдсэн байгаа болохоос бусад хамар хоолой, бөөр гэдэг ч юм уу бусад өвчлөлийн ачаалал бага. Үүнтэй холбоотойгоор санхүүжилтийн асуудал үүссэн юм билээ.
Дараагийн асуудал нь төрийн бусад албан хаагчаа яах юм. Эмч нарын цалинг нэмбэл төрийн бусад албан хаагчдаа яах вэ. Тэр хүмүүсийн цалинг бас нэмэх ёстой биздээ. Ижил тэгш байх ёстой. Тэгэхээр асуудлыг хамтад нь багцаар нь л авч явахгүй бол нэг хэсгийг нь нэмээд, нөгөө нь хамаагүй гэдэг хандлага байж болохгүй." гэлээ.