Н.УЧРАЛ: Шүүгч нарын суудаг өрөө жижигхэн байна гэж яриад суухаасаа ичихгүй байна уу
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.07.06/ 09:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ: "Цар тахлын халуун шугаманд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын чинь бүтэн сарын цалин нэг тор хүнс ч авч хүрэлцэхгүй байхад манай шүүгчийн өрөө жижигдээд байна гээд төсөв нэмүүлэхээр орж ирэхээсээ ичихгүй байна уу? Барилга, өрөө сав, тавилга, машин, цалин хангамж ярихдаа уургын морь шиг байдаг байдал дээрээ энэ төрийн байгууллагууд жаахан юм бодох болоогүй юу? Та нар хэдэн метр квадратад суух нь чухал юм уу.
Наад асуудлаа дараа яриад шийдэж болохгүй юу. Хангарьд ордонд ШЕЗ оруулъя гэдэг. Хотын төвд та нар ороод яах юм. Байр сав тоног төхөөрөмж, засвар юм ярих юм. Цалин нэмэхгүй гээд байгаа ч төсөв чинь 21 тэрбум байсан 38 тэрбум болсноо юу гэж тайлбарлах юм. Захиргааны зардлуудад ямар хэмнэлт үүсгэж байна вэ." гэв.
Улсын дээд шүүхээс 2022 оны төсвийн төслөө боловсруулан оруулж ирсэн бөгөөд төсвөө өмнөх оны төсвөөс 16 тэрбум төгрөгөөр буюу гурав дахин нэмэгдүүлсэн байна. Тодруулбал, шүүхийн сургалт, судалгааны хүрээлэнтэй байхыг Шүүхийн тухай хуульд тусгасан учраас 60 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөвт тусгажээ.