Эрсдэлтэй хоёр банкнаас ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ яаралтай татан авах шаардлага үүсжээ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршуулсан Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн мөнгө эрсдэлд орсон тухай асуудалд хөндөгдлөө.
Энэ талаар гишүүд байр сууриа илэрхийллээ.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: "Төлбөрийн чадвар буурсан нэр бүхий хоёр банкинд байршуулсан Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн 161.5 тэрбум төгрөгийн гэрээний үүргийн биелэлт хангалтгүй болж, хүүгийн орлого олох боломж алдагдаж, байршуулсан мөнгөнд эрсдэл үүсч байна" гэж Үндэсний аудитын газар дүгнэсэн байна. Эрсдэл бүхийн хоёр банк гэдэг нь ямар банк юм бэ. Үүнийг Үндэсний аудитын газраас тухайн бүрт нь холбогдох газруудад нь хэлж байсан уу?
ҮАГ-ын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг: Эрсдэлтэй хоёр банк нь Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар энэ хоёр банкны эсрэг шүүхэд нэхэмжлэх гаргасан байгаа.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Эрсдэлд ороод байгаа Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас татвар төлөгчдийн мөнгө авч чадах юм уу, чадахгүй юм уу. Үнэхээр боломж муу байгаа юм байна ш дээ. Ялангуяа, Чингис хаан банкны тухайд.
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: Эрсдэлтэй гэж байгаа хоёр банкнаас мөнгөө татаж авахыг аудитаас зөвлөсөн, Сангийн яамнаас ч холбогдох газруудад нь анхааруулж албан бичиг илгээсэн. Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөл нь хүүгийн орлого олно гэж үзээд мөнгөө арилжааны банкуудад байршуулчихдаг. Энэ хоёр банкинд байршуулсан мөнгийг авч чадахгүй олон жил болж байгаа. Тиймээс шүүхээр шийдүүлье гээд явж байна.