Ё.Баатарбилэг: Ковидод ажиллаж байгаа онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилчдын асуудлыг хамтад нь шийдэж болоогүй юм уу
Өчигдөрийн УИХ-ын чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тус хуулийн үйлчлэл энэ сарын 30-аар буюу өнөөдөр дуусах учраас хуулийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэн эцэслэн баталлаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Намрын чуулганаар Гамшгийн эсрэг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ удаа сунгалаа. Дараагийн удаа ковидын хуулийг дахин сунгах боломжгүй” гэдгийг анхааруулж хэллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад тодорхой хэмжээний цалингийн нэмэгдэл, урамшуулал олгохоор болсон байна. Ковидын эсрэг ажиллаж байгаа онцгой комисс, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилчдын асуудлыг хамтад нь шийдэж болоогүй юм уу. Энэ талаар Засгийн газар дээр ярьж байгаа юу.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Цар тахлын үед ганцхан эрүүл мэндийн салбар ажиллаагүй. Онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт гээд олон салбар ажиллаж байгаа. Засгийн газрын хуралдаан дээр бүх салбарын асуудлыг ярьсан. Гэхдээ эхний ээлжид эрүүл мэндийн салбарын ажилчдад олгох шийдвэр гаргасан.