Хурдан морьдыг ялгах ажилд УИХ-ын ГИШҮҮД оролцоно
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам тун удахгүй цахимаар болох гэж байна. Энэ удаад УИХ-ын гишүүн Н.Ганибал баяр наадмын хамгийн их маргаан дагуулдаг хурдан морьдыг ялгах ажилд УИХ-ын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар хүсэлтээ өгчээ.
Тэрбээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунд хандан "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 5 дугаар тогтоолоор “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан боловч тус журмын хэрэгжилт жилийн жилд хангалтгүй байсаар ирсэн билээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.11-д заасны дагуу Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулан, тус ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллах саналтай байгаагаа үүгээр илэрхийлж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ширнэнбаньдын Адьшаа, Цэвэгдоржийн Туваан нарыг оруулах саналтай байгааг харгалзан үзэж холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.