Д.Сумъяабазар: Туул гол, Богд уулын газар олголтын асуудлыг хот дангаараа дийлэхгүй юм билээ
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Туул гол дагуу болон Богд уулын аманд олгосон газар олголт, үүсээд байгаа асуудлыг хот дангаараа дийлэхгүй бөгөөд УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй гэлээ.
Хотын дарга Д.Сумъяабазар “Туул гол, Богд уултай холбоотой асуудлууд дээр нийслэл хот болон салбар яам хооронд асуудал үүсдэг. Богд уулын ам болгон орон сууцны хороолол болсон. Дархан цаазат газар газар олгосон, орон сууц барьсан хэмээн эдийн засгийн эргэлтэд орохгүй, гэрчилгээ бичиж өгөхгүй гэж байна. Эцэст нь иргэд хохирч байна. Богд уулын асуудлыг УИХ-аар л шийднэ. Ярилцаж, нэг талд нь гаргахгүй бол Богд уулын асуудлыг хот ганцаараа дийлэхгүй юм билээ. УИХ-тай хүч нийлж, бодлогоор шийдэх ёстой. Туул гол Улаанбаатар хотод байдаг хэдий ч хотын мэдлийнх биш. Богд уул, Туул голын асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийддэг” гэсэн юм.