“ЭМД-ын мөнгө бол Засгийн газрын дураараа зарцуулдаг хөрөнгө биш“
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр /2021.06.23/ Байнгын хороо хуралдлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Covid-19 халдвартай тэмцэхэд Засгийн газарт өгч байгаа УИХ-ын дэмжлэг дутаагүй. УИХ бүх талаар дэмжихээс гадна Засгийн газарт бүх эрхээ шилжүүлсэн. Covid-19 халдварын хуулийг сунгах асуудал өчигдөр орж ирсэн. Үүн дээр нэг ноцтой асуудал нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмыг Засгийн газар батлаад хэрэгжүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Засгийн газар зарцуулах гэж байна гэсэн үг. Засгийн газар дураараа захиран зарцуулдаг сан биш. Эрүүл мэндийн даатгалын сан бол улсын төсөв биш. Иргэд Covid-19 халдвараас бусад өвчнөөр өвчилж болно. Бүх өвчнийг нь эмчлэхийн тулд даатгалын сан байдаг. Гэтэл бүгдийг нь халдвартай тэмцэхэд зарцуулахаар болчихоод байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг С.Энхболд та юунд зарцуулах гэж байгаа юм. Юу дутаад байна. Хэрэв ингэж зарцуулах юм бол шуудхан хэлэхэд С.Энхболд сайд шоронд орно. Энэ бол Засгийн газрын дураараа зарцуулдаг хөрөнгө биш." гэсэн юм.