Жирэмсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй иргэн гэрээсээ ажиллаж болох заалтыг хуульд тусгахыг дэмжжээ
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцжээ.
Тухайлбал, хуулийн төсөлд “Жирэмсэн, хөхүүл, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.” гэсэн 140 дүгээр зүйлийг тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Мөн
- Ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглахад тавигдах нийтлэг шаардлага,
- Ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам,
- Ажилтан мэдээллээ хамгаалуулах эрхийг тусгасан агуулгатай 44, 45, 46 дугаар зүйлийг тус тус нэмэхээр болов.
Түүнчлэн төсөлд
- Хөдөлмөрийн гэрээ, түүнд өөрчлөлт оруулах,
- Ажил байдлын тодорхойлолт авах харилцааг зохицуулсан 47, 49, 51, 52 дугаар зүйлийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Тодруулбал, төслийн 49 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний нөхцөлд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг агуулгыг тусгасан байв.
Мөн ажил, амралтын цаг, цалин хөлс олгох журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл, хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам, ажлын байранд тавигдах ур, чадвар, чадамжийн шаардлага, талууд харилцан тохиролцсон бусад нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд нэмж зохицуулсан агуулгыг тусгахын зэрэгцээ ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах эсхүл, эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээг дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болох агуулгыг тусгасан байв.
Ажлын хэсгээс хуулийн төсөлд
- Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг,
- Ажилтны нууц хадгалах үүрэг,
- Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг зохицуулсан агуулга бүхий 73, 74, 75 дугаар зүйлийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн хуулийн төсөлд
- “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэсэн 101 дүгээр зүйл,
- “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.” гэсэн 128 дугаар зүйл,
- “Жирэмсэн, хөхүүл, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.” гэсэн 140 дүгээр зүйлийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төслийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалтыг “байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн тогтоож мөрдүүлэх” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжээгүй аж. Иймд Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59,6 хувь нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Тухайлбал,
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 23 дугаар зүйлийн 23.1.14 буюу “Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх.” гэсэн заалт,
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “1 дүгээр зүйлд “48.2.Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан Төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.” гэсэн хэсэг,
- “Төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан үндсэн амралтын 20 ажлын өдөр дээр дараах нэмэгдэл амралт олгоно, 20 жилд ажлын 2 өдөр, 25 жилд ажлын 4 өдөр, 31 жилд ажлын 6 өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын 9 өдөр.” гэсэн зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.