УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн төлөөлөлтэй уулзаж, ажлын хэсэг байгуулахаар боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.05.07/ Төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа АН-ын бүлгийн гишүүдтэй очиж уулзжээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Би МАН-ын гишүүний хувьд биш УИХ-ын даргын хувьд ирж байна. АН дотроо учраа ололц. УИХ-ын гишүүдийнхээ эрүүл мэндийг анхаараад энэ асуудлыг хэлэлцээд шийдье гээд Н.Алтанхуяг, Д.Ганбат гишүүнтэй ярьж байхад та нар ингэж болохгүй. Үйл ажиллагаагаа зогсоо. Хэрвээ зогсоохгүй бол би өөрөө энд ирж суулт зарлана. Өлсгөлөн зарлана" гэж хэлсэн юм.
Харин энэ үеэр АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын ажлын хэсэг байгуулах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авсан юм.
Тэгвэл яг одоо УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж байна.
Тэрбээр "Өнөөгийн энэ байдлаас МАН, АН-ын ардчиллын нэр хүнд л хохирно. Эцэст нь Монгол Улс, Монголын ард түмний эрх ашиг хохирно" гэдгийг онцлов.
Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ АН-ын бүлгийн гишүүдэд хандаж, " Улс төрийн нам, аль нэг ТББ ч адилхан дотроо учир зүйгээ олох нь чухал байдаг. Аль нэг тал нь ухаан зарж түрүүлж буулт хийж эв зохицолоо олно түүнээс хоёр тийшээ харж суугаад үр дүнд хүрэхгүй. Хэн нэгнээр хөндлөнгөөс шийдүүлнэ гэвэл бүр ч бүтэхгүй” гэжээ.
Ингээд ажлын хэсэг байгуулж, хамтран ярилцаж, гарц шийдэл олохоор тохирсон байна.