Сүхбаатарын талбай дээр хоносон гишүүд УИХ-ын чуулганы үйл ажиллагааг “АЛДАГДУУЛАВ“
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхгүй гэж СЕХ-ноос мэдэгдсэн тул, УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат нарын гишүүд Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй.
Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд энгийн хувцастай (талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа гишүүд) орж ирсэн нь цахим орчинд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулсан үйлдэл боллоо.
Уг нь Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 10.7-д "Төрийн ордонд ажилладаг албан хаагч нь ажлын байрандаа албаны хувцастай байна", Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журмын 3.18-д "Биеийн тамирын, чөлөөт амралтын, хэт богино банзал, этгээд загварын гэх мэт хувцастай хүмүүсийг Төрийн ордонд нэвтрүүлэхгүй" гэж хуульчилж өгсөн байдаг. Гэтэл дээрх нэр бүхий гишүүд хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн энэ юм.
Улмаар тэд УИХ-ын чуулганы танхимд орж ирэн хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй асуудлаар мэдэгдэл хийж, хуралдааны үйл ажиллагааг алдагдуулсан аж.
Үүний хариуд УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР “Чуулганы индрийг буруу ашиглахгүй байх”-ыг сануулсан бөгөөд Үндсэн хуулиа сахиж ажиллахыг сануулсан байна. Тэрбээр "УИХ хууль тогтоодог байгууллага болохоос биш, хууль сахиулдаг байгууллага биш. Дотоод асуудлаа дотооддоо л шийд. УИХ намын дотоод асуудлыг шийддэг газар биш. Тамга тэмдгээ булаацалдчихаад энд ирээд хэрүүл хийгээд байх юм." гэжээ.