Л.Оюун- Эрдэнэ: Вакцины татан авалтыг ГАЦААСАН УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэрсийг зарлана
Монгол Улсын Засгийн газраас өнөөдрөөс /2021.05.02/ хөдөө, орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна. Улмаар халдварын эсрэг дархлаажуулалтыг орон нутагт эхлүүлэхээр вакцин тээвэрлэсэн автомашинууд ХӨСҮТ-өөс хөдөллөө.
Монгол Улсын 21 аймаг руу вакцин түгээх үйл ажиллагаанд Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд нар оролцов.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нэг ч вакцин татан авахгүй, нэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй хэр нь битгий гай бол гэж хэлмээр байна. Энэ зүйл дээр ч гэсэн манай зарим улстөрчдийн хариуцлаггүй үйлдэл вакцины татан авалтад нөлөөлсөн байна. Цар тахлын хажуугаар би улстөржихгүйг хичээж ирсэн. Асар их тэвчээр гаргаж явж байна. Гэхдээ би бас нэг их тэвчээд яваад байдаг хүн ч биш. Би ажлаа л хийж байна. Шаардлагатай бол тэр УИХ-ын гишүүдийн нэрийг зарлана гэж бодож байна. Иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ийм цаг үед энд тэнд буруу мэдээлэл өгч, албаар зохион байгуулж байгаа нь эх орноосоо урваж байгаа үйлдэл. Нэр бүхий улс төрийн алиа салбадайнуудад хатуухан анхааруулъя, цах тахлын нөхцөл байдал гайгүй болохоор хэлэх ёстой газар нь хэлнэ." гэсэн юм.