УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад НЭГЖЛЭГ хийжээ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст сэргээн шалгаж эхэлсэн талаар бид өнгөрсөн сард дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт АТГ-ын мөрдөгчид Ховд аймагт ажиллан, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтуудыг нь хураан авч шалгалтаа үргэлжлүүлж буйг баттай эх сурвалжууд мэдээлэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий “Баруун монгол интернэйшнл” болон “Жинст транс” компанид ийнхүү нэгжлэг хийсэн шалтгаан нь Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх хэргийн нотлох баримтуудыг цуглуулахын тулд ийм ажиллагаа явуулсан аж.
Түүний хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” ХХК “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд 2017 онд Мал хамгаалах сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээлийг хүүгүй авсан байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс тээвэрлэдэг, БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль тогтоомж зөрчсөн. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас улсын төсөвт 236 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин