С.Бямбацогт: Н.Алтанхуяг өөрийгөө хөөрхөн гээд бодчихсон. Ард түмэн өөрт нь хайртай гэж боддог юм шиг байгаа
УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Бямбацогт хоёрын дунд ширүүхэн маргаан өрнөлөө.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: С.Бямбацогт оо, чи ёс зүйн хувьд нэрээ татчих хэрэгтэй шүү дээ. Тэгээд хуулийн дагуу л хийнэ гээд байх юм, ингэж хийх юм уу С.Бямбацогт оо.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Баярлалаа, яах вэ би 2012-2016 онд бүлгийн дарга байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Н.Алтанхуягийг бүлгийн даргынхаа хувьд ажлаа хийж огцруулсан. Энд л их өширхдөг юм шиг байгаа юм. Та битгий өширх, одоо настай хүн шүү дээ. Одоо болно. Та бас настай хүн шүү дээ. Би хуулиа бариад л ажиллаад байдаг юм. Би танд тайлбарлаагүй, ард түмэндээ тайлбарлаж байна. Тантай яриагүй байна. Ганц Н.Алтанхуяг хамар доороо хагархайтай юм биш, надад ч бас байдаг. Хуулийн дагуу ирсэн бичгийн дагуу хууль журмаараа хэлэлцээд явж байна. Хууль ярихгүй улс төржиж болохгүй. Бид тангараг өргөсөн.
Н.Алтанхуяг өөрийгөө хөөрхөн гээд бодчихсон. Ард түмэн хайртай гэж боддог юм шиг байгаа юм. Шоучин, улс төрждөг хүн шүү дээ. Бүх юмыг заана, ухаантай гэж бодсон. Хэлсэн зүйлд чинь хариу барина шүү. Тийм мундаг ухаантай байсан юм бол Ерөнхий сайд байхдаа яагаад эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн вэ. Х.Баттулгыг дагаж явж хамаг юм аа цайруулчихаад одоо нэг л их ариухан амьтан байна.