ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригт ХАРИУЦЛАГА ТООЦОХ асуудал хөндөгдөж эхэллээ
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өчигдөр /2021.04.06/ зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонслоо.
Энэ үеэр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр үг хэлэхдээ “Асуултад хариулж байгаагаас нь харахад Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад хариуцлага тооцох асуудлыг ярих хэрэгтэй болжээ. Д.Ганзориг даргын тайлбараар бол ядуу айлаас ирсэн цэрэг үгэнд ордоггүй, түүнээс нь болоод аминд нь хүрчихсэн юм шиг утгатай зүйл ярьж байна. Энэ бол маш хариуцлагаггүй зүйл хэлж байна. Хүний эрхийн асуудал бол энэ хүний хэлж байгаа үг, байдал, зарчим, байр сууриас тодорхой харагдаж байна." гэж хатуухан шүүмжилсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Батлан хамгаалахын яаманд нэг утас ажиллаад энэ ажил хэрэг болохгүй. Бид нэг удаагийн хурал хийгээд өнгөрөөмөөргүй байна. Өмнө нь хэн ямар хэрэг хийгээд ямар шийтгэл авсныг нь нийтэд ил болгох хэрэгтэй. Тэгээд тэр офицер хүн зодож алахад зэвсэгт хүчний байр сав, мөнгө санхүү ямар хамаатай юм. Д.Ганзориг чи хандлагаа өөрчлөхгүй бол ЗХЖШ өөдлөхгүй. Юм бол мөнгө төгрөг, байшин сав ярина. Бага дарга хүн зодоход байшин сав ямар хамаатай юм." гэсэн юм.
Нийгмийн сүлжээнийхэн ч Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тайлбарт эгдүүцэж, “ Ядуу айлын хүүхэд цэргийн албанд татагдвал дэглүүлэх ёстой юм уу. Тэгвэл баян айлын хүмүүжилтэй хүүхдүүдээ цэргийн албанд татаж, нуруугаа амраагаач ээ. Хэлэх гэсэн үгээ энэ үгээрээ өөрөө бараг баталчихлаа” гэдгийг илэрхийлж буй.
Хэргийг эргэн сануулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б нь салаан даргадаа зодуулж, амиа алдсан хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр гарсан юм. Мөн үүнээс ч өмнө алба хааж байсан цэрэг амиа алдсан. Гэвч өмнө болсон хэрэг явдлаас сургамж авдаггүй, дээд тушаалынхан нь армид дэглэлт байх ёстой юм шиг авирладаг бөгөөд зөвхөн хэргийг үйлдэгч нь шоронд ял эдэлснээр хариуцлагын асуудал намждаг билээ.
Тиймээс энэ удаа УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан бөгөөд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оролцож, УИХ-ын гишүүдэд тайлбар өгсөн нь Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг хүний эрхийн мэдрэмжгүйгээрээ дуудуулаад зогсохгүй албан тушаалаасаа ч огцорч мэдэх нөхцөл байдал үүслээ.