Сү.Батболд УИХ-ын гишүүнээсээ ТҮТГЭЛЗЭХ ҮҮ?
Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын оффшор дахь хөрөнгө, тэдгээртэй холбоотой зарим орны шүүхийн процесстэй холбоотой мэдээлэл хэвлэлээр гараад удлаа.
Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн С.Батболд нарын нийт 14 хариуцагчид холбогдуулан,
- Нэгдүгээрт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зэс, молибдений баяжмалыг худалдаалах хууль зөрчсөн гэрээнүүдийг байгуулах эрх олгож, хуулиар хориглосон нуугдмал ашиг олсон,
- Хоёрдугаарт, “Оюутолгой” ХХК-ийн өмчлөл, менежменттэй холбоотой асуудлаар бусдад давуу байдал олгож, ийнхүү өмчлөх эрх, татвар ногдуулалт, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл горимыг бүрдүүлэн өгснийхөө хариуд “Туркойз хилл ресурс лимитед” буюу хуучнаар “Айвенхоу майнз лимитед компанитай холбоо бүхий хувь этгээд, компаниудаас хуулиар хориглосон мөнгөн төлбөр авч, ашиг хонжоо хүртсэн гэх үндэслэлтэй нэхэмжлэлийг гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нь ч ил болсон.
Хамгийн гол нь энэ асуудал зөвхөн хууль эрх зүйн бус улс төрийн томоохон асуудал болон хувирч буй билээ.
Учир нь уг хэрэг Оюутолгой, Дубайн гэрээг өөрчлөх, шударга ёсны төлөө тэмцэж буй гэх МАН-ын имижтэй зөрчилдөж буйгаар үл барам У.Хүрэлсүхийн огцорсон нь гадаадын шүүх дээрээс нэхэмжлэлээ татаж, түүнийг өмгөөлсөн явдал, ерөөс нь У.Хүрэлсүхийн ард Сү.Батболд байдаг гэх уур амьсгалыг олон нийтэд төрүүлж буй нь нууц биш.
Тэгвэл уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар МАН-ын лидерүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд ярилцжээ.
Улмаар Сү.Батболдыг УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэж, өөрөө сайн дураараа шалгуулах нь зөв. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн өмнө МАН болоод МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр хүндэд сэв суулгахгүй байх хамгийн зөв хувилбар бөгөөд хэрэв үнэхээр асуудалгүй бол шалгуулчихаад УИХ-ын гишүүний бүрэн эрхээ дахиад л хэрэгжүүлээд эхэлчихнэ шүү дээ гэж Сү.Батболдод гуйх, шахахыг хослуулан хэлсэн байна.
Сү.Батболд ч энэ хувилбарыг сонгож болно гэдгээ МАН-ынханд хэлжээ.
Ч.Явуу
Эх сурвалж: sonin.mn
|