ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 9-нд товлосныг дэмжив
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс Лхагва гаригт чуулганы нэгдсэн хуралдааныг товлосны дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Чуулганы хуралдааныг эхлүүлсэн даруйдаа УИХ-ын дарга Г.Занданшатар Нэгдүгээр төрөх эмнэлэгт нярайлсан эхийг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандлага гаргасанд УИХ-ын нэрийн өмнөөс уучлал гуйж, байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс мэдэгдэл ирүүлсэн. Цар тахлын үед онцгой дэглэмийн горимыг мөрдүүлэхдээ хүнлэг бусаар, хүний эрхийг зөрчсөнд харуусал илэрхийлж, уучлал гуйжээ. Мөн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардсан байна. Ээжээс төрөөгүй хүн байхгүй. Тэр дундаа монголчууд бид ээжийгээ их дэлхийтэйгээ зүйрлэж, хүндэлж ирсэн уламжлалтай ард түмэн. Өнөөдөр хүнд хэцүү цагт ч бид монгол ёс заншил, үнэт зүйл, хүний эрхийг зөрчих ёсгүй. Нэгдүгээр төрхөд төрсөн Covid-19 халдвартай ээжид гаргасан хандлага, бүдүүлэг арчаагүй алдааг бид тэвчиж дуугүй өнгөрөх ёсгүй. Халдвар дотооддоо алдсан байгаа энэ цаг үед халдвар хэнд ч халдаж болно. Энэ үйл явдал нийгмийг бүхэлд нь цочроолоо. Сэтгэл, ухаан дутсан, ажилдаа хүйтэн цэвдэг хандаж байгаа дүр зурагтай эвлэрэх ёсгүй. Энэ асуудлаар Улсын онцгой комисст шаардлага тавьж, ярьсан. Шадар сайд Я.Содбаатар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг чиглэл өгч ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүнд цаг үед ч төрийн бүх шатанд хүнээ дээдэлсэн, хүнлэг үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлэх болсон нь энэ жишээ харуулж байна. хариуцлагагүй үйлдлүүдэд хариуцлага тооцож, нийгмийн хүлээлтэд шударга хандахыг чухалчлан анхаарахыг шаардаж байна. Шинэ төрсөн ээжээс, гэр бүлээс нь, ард иргэдээсээ уучлал хүсч байна. Монголын төр ард иргэдийнхээ төлөө тасралтгүй шударга ажиллах үүрэгтэй. Асуудлыг улстөржүүлж болохгүй. Хариуцлага сахилгыг хаана хаанаа сайжруулж, иргэнээ дээдэлсэн төр Үндсэн хуулийг сахин ажиллах үүрэгтэй гэдгийг онцгой анхааруулж байна” гэлээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхэд олонхи нь “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-н байхаар тусгасан юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг тус тус зөвшөөрөхөөр тусгасан байв. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байна.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.