Шүүхийн тухай хуулийн 137 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн цахим хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 5-ны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж ажлын баг болон гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураан шийдвэрлэсэн байна.
Үргэлжлүүлэн гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Ажлын баг болон Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 137 саналын томъёоллоор санал хурааж эхэллээ.
Тухайлбал, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх талаар гаргасан өргөдөл, гомдолд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч албан бичгээр хариу өгөх” гэсэн заалтыг 27.1.7-д нэмж оруулах, Төслийн 37.7-д “Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн дотроосоо нууц санал хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно” гэсэн саналыг ажлын баг гаргажээ. Түүнчлэн, төслийн “47.2.Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэнэ.” Мөн “47.5.Шүүгчийн албан ёсны айлчлал, томилолт, төрийн ёслол, хүндэтгэл, энэ хуулийн 16.5-д заасны дагуу томилолтоор ажиллах болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогсон бусад арга хэмжээний зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлнэ.” гэсэн ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны гишүүд дэмжсэн байна.
Төслийн 52 дугаар зүйл “Шүүгчид хориглох зүйл”-ийн 1 дэх заалтын 1-ээс 19 дэх хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулж, мөн 52.1.20-52.1.40 дэх заалт нэмж тусгах тухай зарчмын зөрүүтэй санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв. Үүнд, “52.1.14.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал авах”-ыг хориглоно гэсэн санал багтсан юм.
Төслийн 53 дугаар зүйлд ажлын багаас санал гаргаагүй ба 54.2 дахь хэсгийг хасах горимын санал дэмжигдсэн. Төслийн 59 дүгээр зүйлийн 59.1.3, 59.1.4, 59.6.1 дэх заалт, мөн зүйлийн 59.2 дахь хэсгийг өөрчлөн найруулах, 59.2-59.5 дахь хэсэг болгох санал Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын санал авчээ.
Төслийн 65 дугаар зүйлийн 65.5 дахь хэсгийн “үзэх шалтгаантай” гэснийг “шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэж өөрчлөх, 68 дугаар зүйлд 68.3-68.8 дахь хэсэг нэмэхийг мөн дэмжжээ.