ЧУУЛГАН: НДШ төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа
Цар тахлын үед бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурсан. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй байх нөхцөл үүсээд байна.
Иймд ХНХЯ-наас ажил олгогч, даатгуулагчийг дэмжих зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан бөгөөд өнөөдөр хуралдаж буй УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталлаа.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх бөгөөд уг хуулийн үйлчлэлд 10.0 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30.0 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо хийгдсэн аж.