ҮББХ: Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.24/ хуралдаан 11 цаг 40 минутад 64.3 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуралдаандаа хүрэлцэн ирсэн болон ирээгүй гишүүдийг сонгогдсон тойрог, нэрээр нь танилцуулсан. Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул хэлэлцэх асуудлаа батлав.
Эхлээд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авлаа.
Гишүүдийн асуултад Ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар яамдын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, газрын албан тушаалтнууд хариулт өгөв.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд баруун аймгуудын эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх цахилгаан станц болон хар төмөрлөг боловсруулах үйлдвэр, цементийн үйлдвэр барихаар сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасныг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаагүй талаар, Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Шинэ хөдөө” төсөл үйл ажиллагааны хөтөлбөрт хэрхэн туссан талаар асууж, хариулт авлаа.
Асуулт асуусан гишүүд ажлын байргүйгээс шалтгаалсан хүндрэлүүдийг шийдвэрлэх чиглэлээр 4 жилийн хөтөлбөрт хэрхэн туссан талаар тодруулж байв. Гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй гэж үзсэн. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо явуулсан талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.